Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэрийн цэвэр ашиг эхний улирлалд төлөвлөснөөс 150 гаруй хувиар давж биелсэн

Эрчим хүч, эрдэс баялагийн салбарын нээлттэй долоо хоног арга хэмжээ болж байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгоос үйлдвэрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон:

-Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон улс орны эдийн засагт оруулж буй үр нөлөөгөө ард иргэдэд танилцуулах чухал арга хэмжээ болж байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд сүүлийн жилүүдэд улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр болон хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулан оролцож байна.

Үүнд зэс хайлуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл өргөтгөл, Оюутын ордын нөөцийн тайлан зэрэг өргөн хүрээний мэдээллийг багтаасан. Үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, ерөнхий гүйцэтгэл 70-80 хувьтай явагдаж байна.

Тухайлбал, төмөр зам болон усан хангамжийн ажил бүрэн дууссан. Одоогийн байдлаар цахилгаан хангамжийн ажил хийгдэж байгаа бол авто замын бүтээн байгуулалт өндөр гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Сүүлийн 1-2 долоо хоногийн хугацаанд Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцэж, хураангуй жагсаалтад орсон компаниудын төлөөлөл ирж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа. Өчигдөр гэхэд нэг компанийн төлөөлөл ирж уулзан, Үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалттай танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авсан.

Эрдэнэт үйлдвэрийн эхний улирлын үр дүн гарсан. Бид бүх үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн. Тэр дотроо зэсийн үнэ маш таатай байсан учраас алдаж болохгүй гэсэн уриатайгаар ажиллаж нэлээд их зэсийг илүү үйлдвэрлэж, ачуулсан. Цэвэр ашиг маань төлөвлөснөөс 150 гаруй хувиар давж биелсэн үзүүлэлттэй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.