Хуульч П.Баттөр: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлах бүрэн эрхтэй
Хуульч П.Баттөр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөлд байр сууриа илэрхийлжээ.
Хуульч П.Баттөр:
1. Ерөнхийлөгч гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах эрхтэй юу...
Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийг санаачлах эрхгүй гэж нэг талаас мэтгэлцэж байна. Гэтэл Үндсэн хуульд хууль санаачлах гурван субьект байдгийн нэг нь Ерөнхийлөгч юм. Зарим улс төрчдийн хэлснээр Ерөнхийлөгчийг УИХ-ын болон Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүдтэй холбоотой хуулийг санаачлах эрхгүй гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон хууль санаачлах эрхийг парламент УИХ-ын болон Дэгийн тухай хуулиар зарим субьеъкттэй холбоотой хуулийг санаачлах эрхтэй, эрхгүй гэж ялгасан нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон хууль санаачлах эрхийг зөрчсөн байна гэдэг нь эндээс тодорхой харагдана.
Ер нь аливаа нэг харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтууд хоорондоо зөрчилдөх, ойлгомжгүй байдал үүсэх юм бол хамгийн их хүчин чадал бүхий хуулийг баримталж шийддэг эрхзүйн зарчим байдаг. Энэ үүднээс үзвэл УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлах бүрэн эрхтэй гэж үзнэ.
2. Ёсзүйг хуульчлах гэж байна уу, ёсзүй зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэх хууль юм уу
”Ёсзүйг хуульчлах гэж байна” гэж хуулийн төслийг эсэргүүцэж байгаа жагсаалтаас сонгогдсон гишүүд үзэж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг үзвэл ёсзүйг хуульчлах гэсэн оролдлого ердөө ч алга. Ёсзүй гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тодорхойлж байгаа ойлголт бөгөөд товчхондоо хүний гаргаж байгаа үйлдэл, үг яриаг, зан авир, амьдралын хэвшил нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байхыг л ойлгох юм.
Энэ үүднээс үзвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бол УИХ-ын гишүүдийн үйлдэл, үг яриа, зан авир, амьдралын хэв маягийг хуульчлах гэсэн оролдлого гэж харагдахгүй байгаа төдийгүй, харин УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмийг зөрчсөн гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэг харилцааг зохицуулах гээд байгаа юм.
Мөн МАН-ын жагсаалтаар сонгогдсон нэр бүхий гишүүд “МАН-ын жагсаалтад би байсан учраас МАН-ыг сонгосон” гэж хэлээд байна лээ. 2024 онд МАН-ын төлөө саналаа өгсөн 530 гаруй мянган сонгогчид яг үнэндээ МАН гэдэг нэр сонгогчийн ой тойнд орж сонголт хийх үү, жагсаалтад байгаа хэдэн хэний ч танихгүй нөхдийг бодож сонголт хийх үү гэдгийг одоо хүртэл ойлгоогүй явж байгаа нь харамсалтай санагдсан.
3.76 гишүүнтэй парламентаас 126 гишүүнтэй парламент илүү дархлаатай...
3. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал болон парламентын дархлаа суларна гэж гишүүд хэлж байгаа сонсогдож байна.
Тойргоос сонгогддог 76 гишүүнтэй байхад бол УИХ-ын 4,5 гишүүний асуудал хөндөгдөхөд парламентын дархлаа буюу бүрэлдэхүүн болон ирцэд 10 хүртэлх хувийн өөрчлөлт орж, УИХ-ын гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөх гээд байдаг байсан. Одоогийн 126 гишүүний 48 нь жагсаалтаар сонгогдож байгаа, жагсаалтын гишүүдэд ёсзүйн хариуцлага хүлээлгэлээ гэж үзвэл түүний ард байгаа хүнийг сонгуулийн тухай хуулиар 10 хоногийн дотор УИХ-д танилцуулж, гишүүнээр тангараг өргүүлдэг хуультай буюу УИХ-ын гишүүний ирцийг бүтэн болгох зохицуулалттай.
Тиймээс УИХ-ын дархлаа суларч, ирцэд нөлөөлөх ямар ч боломжгүй. Ер нь энэ хууль батлагдсанаар УИХ-ын олон гишүүн нэг дор татагдаад л, парламент чадвар чадамжаа алдах ямар ч нөхцөл харагдахгүй байгаа төдийгүй хуулийн төслөөр 4 үндэслэлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэж байна.
Өөрөөр хэлбэл, унах нүхийг чинь тодорхой хэлж өгөөд байхад түүн рүү гүйж орж унадаг ямар хүн байх вэ дээ. Уг нь олон улсын жишиг нь жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн намынхаа бодлогыг зөрчих юм бол нэр дэвшүүлсэн нам нь эргүүлэн татдаг билээ. Зарим улсад жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хоёр жил тутамд ротаци хийдэг юм шүү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.