Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа. 

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ гэв. 

1591d693e68e4c6f958620e1d4d63bba

Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж,  улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 

2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ. 

Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө

Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.

Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

 Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав. 

Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гаригт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.

7b1fc73c26054e11a3a24d5317dd6a3e

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна. 

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ.

6f7453e0f17947408633adec272a22f8

“Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно.  Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэж сайд Г.Дамдинням хэллээ. 

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал болон аймаг, нийслэл дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн олгох, тэдгээрийг тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Улсын хэмжээнд 2026 он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтжээ. Байгаль, цаг уур, улирлын онцлог, шинж чанартай холбоотой хаврын улиралд шар усны үер, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурганд өртөж, иргэд, аж ахуй нэгж байгууллага амь, нас эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй өндөр байдаг.

eb3a112a7c924ebaa082bf232e9f2102

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул ой, хээрийн гал түймэр зэрэг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна.

3d799a4ac52b47268d643412ff817c79

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.