Ж.Алдаржавхлан: Фүлхэмтэй хийсэн гэрээ манай яаманд хийгдээгүй юм билээ
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангаас тодруулга авлаа.
Яамны ажилтай ерөнхийдөө танилцаж дууслаа. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хувьд энэ жил олон томоохон ажил төлөвлөснийг харлаа. Тухайлбал, 10 мянган адуучныг хамарсан "Дэлхийн адууны өдөр", Монголын үндэсний их наадам, "Нүүдэлчин" фестиваль зэрэг соёл, урлаг, спортын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Спортын салбарын хувьд энэ жил манай улсад олон улсын чанартай найман том тэмцээн зохион байгуулагдана. Засгийн газраас эдгээр арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө санхүүжилт шийдвэрлэж байгаа бөгөөд тухайлбал, Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 700 сая төгрөг төсөвлөсөн. Мөн энэ жил Азийн наадам болохтой холбогдуулан тамирчдынхаа бэлтгэлийг хангах шаардлагатай. Засгийн газар тамирчдын бэлтгэлийн бүх зардлыг гаргадаг бол Үндэсний Олимпын хороо тэднийг тэмцээн уралдаанд оролцуулах ажлыг хариуцдаг.
Цаашид энэ чиглэлээр тамирчдыг дэмжих, хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөрүүд гаргаж ажиллах шаардлагатай байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас дөрөвдүгээр сараас эхлэн арилжааны 12 банкаар дамжуулан 250 тэрбум төгрөгийн, 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлнэ. Энэхүү санхүүжилт нь зочид буудал, жуулчны бааз, ариун цэврийн байгууламж барих зэрэг тав тухтай орчныг бүрдүүлэхэд зориулагдах ёстой.
Өмнө нь 2024 онд олгосон аялал жуулчлалын зээлийг зарим аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд зориулалтын бусаар зарцуулсан тохиолдол гарсан тул энэ удаад анхнаас нь хяналтын гэрээг хатуу байгуулж, хэрэгжилтэд нь онцгой анхаарна. Гаднаас ирж буй жуулчид Монгол Улсад аюулгүй, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү 250 тэрбум төгрөгийн зээлийг яг энэ зун жуулчдад үйлчлэх бодит бүтээн байгуулалтад зориулах ажлыг зохион байгуулна.
Цаашид ч энэ төрлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсыг гадаадад сурталчлах ажилд өнгөрсөн хугацаанд олон сая долларын зардал гаргасан бөгөөд үүнд хяналт шалгалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Английн "Фулхэм" клубтэй байгуулсан гэрээ нь манай яаманд харьяалагддаггүй, өөр яамны шугамаар хийгдсэн бөгөөд манайхаас санхүүжилт гараагүй болох нь тогтоогдсон. Харин "Бостон Консалтинг Групп"-тэй аялал жуулчлалын стратеги боловсруулах чиглэлээр 5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, баримт бичиг боловсруулсан асуудал бий.
Одоогоор төлбөрийн тал нь хийгдэж, үлдсэн хэсэг нь маргаантай байгаа тул яамнаас ажлын хэсэг гаргаж, тухайн стратегийн баримт бичиг нь олон улсын чанар, стандартад нийцсэн эсэхийг нягтлан шалгах болно. Ерөнхийдөө өмнөх сайд нарынхаа хийсэн ажлыг үгүйсгэхгүйгээр, зөв зүйтэй ажлуудыг нь үргэлжлүүлэн, шинэ санал санаачилгаар баяжуулаад явах бодолтой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.