Б.Өлзийтогтох: Усныхаа шанагыг тусад нь байлгадаг Монгол хүн ёс цээрээ санаад Хатантуул ээжийгээ хайрлах ёстой
Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж, үзэд бодлоо илэрхийлсэн иргэн Б.Өлзийтогтохын яриаг хүргэе.
Намайг Б.Өлзийтогтох гэдэг. Улаанбаатар хотын уугуул иргэн.
-Усны шанагаа тусад нь байлгадаг Монгол хүний ёсоор бид Хатан Туул ижийгээ хайрлан хамгаалах ёстой. Энэ бол миний эхний шалтгаан.
Хоёрдугаарт, ердөө 32-хон километр зам тавиад түгжрэлийг бууруулна гэж ард түмнийг хуурахаа болих хэрэгтэй. Баяр ёслол, амралтын өдрүүдээр хотоос гадагш 150-250 километр хүртэлх замд ачаалал үүсэж, түгжирч байна. Ийм их бөөгнөрлийг 32 километр замаар шийднэ гэдэг нь боломжгүй бөгөөд энэ бол мөнгө хулгайлах гэсэн арга хэрэгсэл юм.
Байгаль дэлхийгээ хайрладаг хүн бүр Хатан Туул голоо хөндүүлэхгүй байх тал дээр анхаарах цаг болсон.
Би нийтийн тээврийн салбарт 32 жил троллейбусны жолоочоор ажиллаад, тэтгэвэртээ гараад зургаан жил болж байна. Өнөөдрийн энэ тэг зогсолт, түгжрэлийн асуудлыг 2010 оноос хойш буюу сүүлийн 16 жилийн турш харж, нийтийн тээврийн автобус, троллейбусны ажиллах цагийн хуваарийг зөв болгох шаардлагыг тавьж ирсэн. Хотын захиргаанд миний санал таван удаа дэмжигдсэн ч бодит ажил болоогүй.
Харин тэтгэвэрт гарсныхаа дараа төрийн өндөрлөгүүдэд санал хүргүүлсний үр дүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гарч шалгасан. Улмаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож, жолооч нарын цалин хөлс болон түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүргийг хотын дарга Х.Нямбаатарт өгсөн албан бичиг надад ирсэн.
Түгжрэлийг сааруулах бодит боломж бий. Автобуснуудын ажлыг зэрэг эхлүүлж, гэр хороололд тавигдсан замуудыг ашиглан бага, дунд оврын тээврийн хэрэгслүүдийг явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр автобуснуудыг баазаас нь гаргаад хоёр талын эцсийн зогсоол дээр хураачихдаг.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын боловсруулсан графикийг хүлээж зогссоор, эхний автобус нь хүнээ багтаахгүй шахам явж байхад дараагийнх нь хоосон зогсож байдаг. Баазын хашаанд автобус ердөө дөрөвхөн цаг амарч, үлдсэн 20 цагт нь хоёр жолооч ээлжлэн ажилладаг.
Жолооч нар өдөрт хамгийн багадаа 10 цаг ажилладаг хэрнээ замын хуудсан дээр 4-6 цаг (одоо дөнгөж 7 цаг) бичигдэж, хөдөлмөрөө мөлжүүлж байна. Жолоочоо цалингүй, иргэдээ унаагүй байлгаж, нийтийн тээврийн салбарт төсөвлөсөн мөнгийг өөр тийш нь зувчуулдаг энэ үйл ажиллагаа 30 гаруй жил үргэлжилсэн.
Өнөөдрийн түгжрэлийн язгуур үндэс нь үе үеийн дарга нарын хийсэн хулгай, хийгээгүй ажлын л үр дүн юм. Өөрсдийнхөө бий болгосон түгжрэл гэх асуудлаар далимдуулан Туул голоо сүйтгэж, 32-хон километр зам тавина гэж ярьж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Намайг энд мөнгөөр жагсаж байна гэж гүтгэж магадгүй. Гэхдээ салбарынхан маань намайг хэдэн төгрөгний төлөө худалдагдах хүн биш гэдгийг сайн мэднэ. Тиймээс залуучууд та бүхнийг энд ирж, сэхээтэн хүмүүсийн үгийг сонсож, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.