Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг илэрхийлж дугарах ёстой хүмүүс бол НИТХ-ын тэргүүлэгч гэх 45 гишүүн байгаа. Гэвч өнөөдөр энэ хүмүүс хаачсан нь мэдэгдэхгүй таг чиг байна
Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж, иргэдийн тайван жагсаалыг дэмжин өдөр бүр ирж байгаа иргэн Ц.Батболдын байр суурийг хүргэе.
Ц.Батболд:
Би Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж, иргэдийн тайван жагсаалыг дэмжин өдөр бүр ирж байна. Нийслэлийн Засаг даргын (НЗД) үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой НИТХ-ын 45 гишүүн өнөөдөр таг чиг байна.
Тэд Засаг даргынхаа халаасанд орж, шийдвэр гаргах чадваргүй болжээ. НИТХ-ын дарга яаралтай ээлжит бус хуралдаан зарлаж, энэ төслийн төсөв, хэрэгжилт, хууль зүйн үндэслэлийн талаар Засаг дарга болон түүний багийнхнаас тайлбар авч, холбогдох шийдвэрийг гаргах шаардлагатай. Захиргааны аливаа шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн дагуу гарах ёстой бөгөөд иргэдийн эрх ашгийг хөндөж буй учраас заавал сонсох ажиллагаа явуулах хуультай.
Гэтэл УИХ-ын байнгын хорооны хурал дээр орлогч дарга нь сонсох ажиллагаа явагдаагүйг хүлээн зөвшөөрсөн. Гаднын компанид урьдчилгаа мөнгө шилжүүлж, ажлаа эхлүүлснийхээ дараа нөхөж санал авах гэж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Хотын дарга Х.Нямбаатар "Миний шийдвэр зөвхөн шүүхээр хүчингүй болно, эсвэл би үхэж байж зогсоно" гэх мэтээр тайлбарласан.
Энэ бол Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой маргаан мөн бөгөөд одоогоор олон иргэн, байгууллага шүүхэд хандсан байна. Шүүх байгууллага энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр дэнсэлж шийдвэрлэнэ гэж найдаж байна. ЗДТГ-аас талбай дээр спортын арга хэмжээ зохион байгуулж, асар татсан нь урьдчилан төлөвлөсөн ажил уу, эсвэл иргэдийн тайван жагсаалтай зориуд давхцуулсан уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Жагсаал, цуглаан хийх тухай хуулиар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд бичиг баримт бүрэн бол дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгох үүрэгтэй. Соёл, спортын арга хэмжээ болон тайван жагсаал нь бие биедээ саад учруулахгүйгээр зэрэгцээд явах бүрэн боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.