Record.mn сайтын редакци Хотын дарга Х.Нямбаатарын хэвлэн нийтлэхэд саад учруулж, заналхийлсэн үйлдлийг шалгуулахаар ЦЕГ-т хандлаа

Record.mn сайтын редакци Хотын дарга Х.Нямбаатарын гүтгэх, заналхийлэх болон мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдлийг шалгуулах шалгуулахаар ЦЕГ-т хандлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь өөрийн албан тушаалын эрх мэдэл, нөлөөллийг ашиглан хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах, сэтгүүлчдийн хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, улмаар заналхийлсэн шинжтэй мэдэгдэл, үйлдлүүд удаа дараа гаргасан тул Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр шалгуулж, хариуцлага тооцуулах хүсэлттэйгээр энэхүү өргөдлийг гаргаж байна. 

 

Нэг. Үйл баримтын тухай:

1. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь нийтийн албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, цуглааны үеэр Record.mn, Newsroom.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “олигархуудыг өөгшүүлдэг”, “авлигачдыг хамгаалдаг” гэх мэт бодит байдалд нийцэхгүй, нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд тарааж, нэр хүндэд нь халдсан. Мөн “бүллидэж хаалгацгаая” гэх утгатай уриалга гаргасан нь олон нийтийг турхирсан, хэвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахад чиглэсэн ноцтой үйлдэл болсон.

2. 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа “бүлэглэлийн гишүүн”, “аль талд үйлчилдгийг чинь мэднэ” гэх зэргээр хувь хүний нэр төрд халдсан, сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон үндэслэлгүйгээр гүтгэсэн мэдэгдэл хийсэн.

3. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилт нэгт сэтгүүлч Б.Батцэцэгийг “угаадас” гэх мэт доромж утгатай үгээр олон нийтийн өмнө гутаан доромжилсон нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болсон.

 

Дээрх үйлдлүүд нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн хараат бус, чөлөөтэй ажиллах нөхцөлийг алдагдуулж, айдас дарамт үүсгэх замаар олон нийтийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах бодит аюул бий болгож байна. 

 Хоёр.  Хууль зүйн үндэслэл:

Дээр дурдсан үйлдлүүд нь Монгол Улсын дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Үүнд:

 • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.2 дугаар зүйл – Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах;

• Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл – Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах;

• Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг – Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх;

• Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл – Төрийн байгууллага, албан тушаалтны мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэг.

 

Гурав. Шаардлага:

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн дараах асуудлуудыг шийдвэрлэж өгнө үү:

1. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дээрх үйлдлүүдэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах;

2. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулсан, заналхийлсэн эсэхийг нарийвчлан тогтоох;

3. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдвол хуульд заасан хариуцлага тооцох;

4. Цаашид хэвлэлийн эрх чөлөөнд халдах, сэтгүүлчдийг дарамтлах явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах. Энэхүү үйлдэл нь зөвхөн нэг байгууллага, нэг сэтгүүлчид хамаарах асуудал бус, Монгол Улсад баталгаажсан хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхэд ноцтой халдаж буй асуудал тул яаралтай, бодитой шалган шийдвэрлэж өгнө үү, гэжээ. 

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М
Мөнхчимэг Аюуш 2 сар, 3 долоо хоног
Нямбаатарын талаар гаргасан гомдол мэдээлэлийг дэмжиж байна. Бусдыг айлгасан, дарамталсан, доромжилсон нь бичлэг баримтаар тогтоогдсон. Үүнийг иргэд олон нийт бүгд харж байгаа. Ардчилал, хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Б
Бадамханд 2 сар, 3 долоо хоног
Зөв шүү. Ард олны эрхэнд лжндүү халдаж байгаа шүү. Энэ хүн арөй л бүдүүлэг тэнэг байнаа.
Д
Доржханд нармандах 2 сар, 3 долоо хоног
Зөв шүү ард иргэдээч доромжлоод явдаг хотын дарга шүү уулан. Өөрөө хуулиа мэддэг хууль зүйн сайд хү арай арай
Б
Билэгт 2 сар, 3 долоо хоног
Шантаажчин сэтгүүлчид хэрээс хэтрээд байгаа шүү бас үүгээрээ ажил хэрэгт нь саад тотгор нэмэх зорилго агуулжээ