ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 30 мянга хүрээд байгаа мах бол тарган, шинэ мах иднэ гэсэн хүмүүст зориулсан мах

ХХААХҮ-ийн шинэ сайд Ц.Идэрбатаас махны үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах талаар тодрууллаа. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Махны үнэ төрөл, чанараасаа хамаараад харилцан адилгүй байна. Тухайлбал, 30 мянган төгрөг хүрсэн мах бол хавар тарган, шинэ мах хэрэглэх хүсэлтэй иргэдэд зориулагдсан тусгай хэрэгцээнийх юм. Харин Дэнжийн мянга зах дээр дундаж таргатай хонины гулууз мах бөөний үнээр 16-17 мянган төгрөг байна.

Цахим орчинд махны үнэ 35 мянга хүрсэн гэх мэдээлэл гарсан. Бодит байдал дээр Саруул зах дээр 31 мянга, И-Март зэрэг сүлжээ дэлгүүрт 28-29 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Амралтын өдрүүдэд Дэнжийн мянга захаас хонь, ямааны махыг гулуузаар нь 15-16 мянга, үхрийн махыг 21-22 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.

Махыг их хэмжээгээр экспортолж байгаа нь дотоодод үнэ өсөх нэг шалтгаан болж байна. Гэхдээ малчид жилийн дөрвөн улиралд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байж мах бэлтгэдэг гэдгийг бид бодолцох ёстой.

Төв суурин газрын махны нийлүүлэлт, үнийг тогтвортой барихын тулд нөөцийн махны зохицуулалтыг хийж байна. Өчигдөр орой Баянхошууны Зүүн, Баруун салааны дэлгүүрүүдээр биечлэн явж, нөөцийн махны чанар, түгээлт болон иргэдийн сэтгэл ханамжийг бодитоор шалгалаа.

Одоогийн байдлаар бэлтгэсэн 5 мянган тонн нөөцийн махны гуравны хоёр нь үлдсэн бөгөөд энэ нь зургадугаар сар буюу шинэ мах гарах хүртэл хангалттай хүрнэ.

Энэ жил махны экспорт сайн байгаа нь малчдын амьдралд маш их дэмжлэг болж байна. Орон нутагт ажиллаж, малчидтай уулзахад энэ талаар онцолж байсан. Гэхдээ цаашид экспортын шинэ боломжуудыг нээх шаардлагатай. 

Өнгөрсөн жил манай улс 85 мянган тонн мах экспортолсны 20 орчим хувийг Ойрх Дорнодын орнууд руу гаргасан. Гэтэл тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалж экспорт хумигдаж эхэллээ. Тиймээс энэ орон зайг хэрхэн нөхөх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжихээ нарийвчлан тооцоолох хэрэгтэй.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг зөвхөн дотоодын хэрэгцээг хангах төдийгөөр хязгаарлахгүй, экспортын баримжаатай хөгжүүлэх нь чухал байна. Дотоодын хэрэгцээгээ нөөцийн махаар тодорхой хэмжээнд хангаж, бусад нь зах зээлийнхээ жамаар зохицуулагдаад явах ёстой. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар томилогдсон сайд албан ёсны мэдээлэл өгнө. Түүнээс өмнө миний бие урьдчилж мэдээлэл өгөх нь зохимжгүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.