Америкийн зэвсэгт хүчин Иранд унасан нисгэгчдээ амжилттай аварлаа

Америкийн зэвсэгт хүчин Иранд унасан нисгэгчдээ амжилттай аварлаа

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны баруун өмнөд хэсэгт сөнөөгдсөн "F-15E Strike Eagle" онгоцны хоёр нисгэгчийг дайсны гүнээс амжилттай аварсан түүхэн тусгай ажиллагааг зохион байгуулжээ.

Энэхүү үйл явдал нь өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн АНУ болон Израил, Ираны хоорондох дайны үеэр болсон бөгөөд Америкийн цэргийн түүхэнд хамгийн эрсдэлтэй, томоохон аврах ажиллагаануудын нэгээр бүртгэгдэж байна.

Осол баасан гарагт Ираны Кохгилуйе ба Бойер-Ахмад мужийн нутаг дэвсгэрт гарсан байна. Америкийн агаарын хүчний "F-15E" сөнөөгч онгоц дайсны галд өртөж унах үед хөлгийн дарга болон зэвсгийн системийн офицер хоёул шүхрээр амжилттай бууж, амьд үлджээ.

Ослын дараахан буюу баасан гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн шуурхай ажиллаж, хөлгийн даргыг хэдхэн цагийн дотор эсэн мэнд олж авсан байна. Харин зэвсгийн системийн офицер дайсны бүсэд ганцаар үлдэж, түүнийг хайх нүсэр ажиллагаа эхэлжээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын "маш нэр хүндтэй хурандаа" хэмээн тодорхойлсон уг офицер Загрос уулын бартаат бүсэд 36 цагийн турш Ираны цэргүүдээс нуугдаж чадсан байна. Энэ хугацаанд АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) дайсны анхаарлыг сарниулах зорилгоор тусгай ажиллагаа явуулжээ. Тэд сураггүй болсон нисгэгчийг аль хэдийнээ олж авсан гэх хуурамч мэдээллийг Ираны дотоодод зориуд тарааж, хайгуулын багийнхныг төөрөгдүүлсэн нь офицерийн амь насыг аврахад чухал нөлөө үзүүлсэн байна.

Ням гаргийн үүрээр офицер ослын дохиолол ашигласнаар Америкийн цэргүүд түүний байршлыг нарийн тогтоож чаджээ. Түүнийг аврахын тулд хэдэн арван нисдэг тэрэг, онгоцноос бүрдсэн баг илгээсэн бөгөөд ажиллагааны үеэр Ираны цэргийн цуваа руу бөмбөг хаяж, ширүүн буудалцаан үүссэн байна.

Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч ажиллагаа маш өндөр өртгөөр бүтжээ. Дайсны галд хоёр "UH-60 Black Hawk" нисдэг тэрэг гэмтэж, техникийн саатлын улмаас хоёр "C-130" тээврийн онгоц, дөрвөн "MH-6" тусгай ажиллагааны нисдэг тэргийг дайсны гарт оруулахгүйн тулд зориуд дэлбэлж устгахад хүрсэн байна. Мөн баасан гарагт хамгаалалтын нислэг үйлдэж байсан "A-10 Warthog" онгоц сүйрчээ.

Ажиллагаа амжилттай болсны дараа Ерөнхийлөгч Доналд Трамп "Truth Social" цахим хуудсаараа дамжуулан "Бид түүнийг оллоо!" хэмээн мэдэгдэв. Аврагдсан хурандаа бага зэргийн бэртэл авсан ч амь нас нь аюулгүй байгааг тэрээр онцолсон юм.

Энэхүү үйл явдал нь дайсны гүнээс хоёр нисгэгчийг тус тусад нь амжилттай аварсан цэргийн түүхэн дэх анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэх хандлагатай байна.

Эх сурвалж:

mexc.com

paddleyourownkanoo.com

columbian.com

foxnews.com

pbs.org

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.