Эверестэд жуулчдыг хордуулж 20 сая ам.долларын залилан хийсэн бүлэглэлийг илрүүллээ

Эверестэд жуулчдыг хордуулж 20 сая ам.долларын залилан хийсэн бүлэглэлийг илрүүллээ

Балбын цагдаагийн газрын Мөрдөн байцаах төв товчооноос Эверестийн ууланд авирагч гадаадын жуулчдыг зориудаар хордуулж, нисдэг тэрэгний хуурамч аврах ажиллагаа зохион байгуулах замаар олон улсын даатгалын компаниудаас 20 орчим сая ам.доллар залилсан томоохон гэмт хэргийн сүлжээг илрүүлснээ зарлалаа.

Уг хэрэгт уулын хөтөч нар, аяллын компаниудын эзэд, нисдэг тэрэгний операторууд болон эмнэлгийн удирдлагууд хамтран оролцсон бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр олон нийтэд ил болоод байна.

Гэмт этгээдүүд жуулчдад өндрийн өвчин эсвэл ходоод гэдэсний хүнд хямрал үүссэн мэт шинж тэмдэг зохиомлоор бий болгохын тулд хоолонд нь их хэмжээний хүнсний сод хольж өгдөг байжээ. Мөн зарим тохиолдолд өндрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай Диамокс эмийг их хэмжээний устай хавсран уулгаж, биеийн байдлыг нь дордуулдаг байсан аж.

 Ингэж өвдсөн жуулчдыг амь насанд нь аюул учирсан хэмээн айлган сүрдүүлж, өндөр үнэтэй нисдэг тэрэгний яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийлгэхийг шаарддаг байсан байна. Түүнчлэн зүгээр л ядарсан, уулнаас буух хүсэлгүй байсан зарим уулчдад өвчтэй мэт дүр эсгэх санал тавьж байсан нь мөрдлөгөөр тогтоогджээ.

Залилангийн бас нэгэн ноцтой хэлбэр нь нисдэг тэрэгний төлбөрийг давхардуулан нэхэмжлэх арга байв. Нэг удаагийн нислэгээр хэд хэдэн хүнийг уулнаас буулгасан хэдий ч зорчигч тус бүр ганцаараа ниссэн мэтээр даатгалын компаниуд руу нэхэмжлэл илгээдэг байжээ.

Жишээлбэл, гурван хүн тээвэрлэсэн 4000 ам.долларын өртөгтэй нислэгийг 12000 ам.доллар болгон өсгөж, нислэгийн хуурамч баримт бүрдүүлдэг байсан байна. Уулнаас бууж ирсэн өвчтөнүүдийг сүлжээнд нэгдсэн эмнэлгүүдэд хүргэж, эмнэлгийн удирдлагууд хэвтэн эмчлүүлсэн болон гарсан тухай хуурамч түүх нээдэг байжээ. Зарим тохиолдолд цоо эрүүл жуулчид яаралтай тусламж авч байгаа нэрийн дор эмнэлгийн цайны газарт шар айраг уугаад сууж байсан баримт ч олдсон байна.

Хууль бус ажиллагаа 2022-2025 оны хооронд үргэлжилсэн бөгөөд нийт 4782 гадаадын уулчин дээрх сүлжээнд холбогдсон эмнэлгүүдээр үйлчлүүлжээ. Цагдаагийн байгууллага одоогоор 300 гаруй хуурамч аврах ажиллагааг албан ёсоор баталгаажуулаад байна.

Аврах ажиллагаа явуулдаг нэгэн томоохон компани гэхэд 1248 удаагийн дуудлагынхаа 171-ийг нь хуурамчаар үйлдэж 10.3 сая ам.доллар, өөр нэг компани 471 дуудлагынхаа 75-ыг хуурамчаар тайлагнаж 8.2 сая ам.долларын ашиг олсон нь тогтоогджээ. Уг хэргийг анх 2018 онд хэвлэл мэдээллийнхэн дэлгэж байсан ч хангалттай шийтгэл оногдуулаагүйн улмаас улам бүр өргөжин тэлсэн байна.

Иргэний нийгмийн байгууллагын гомдлын дагуу 2025 оны есдүгээр сард эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд 2026 оны гуравдугаар сарын 12-нд нийт 32 хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр албан ёсоор ял төлөвлөжээ.

Одоогийн байдлаар эдгээр сэжигтнүүдээс 9-11 хүнийг баривчлаад байгаа бөгөөд оргон зайлсан бусад этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Хаврын уулын авиралтын улирал эхэлж буй энэ үед илэрсэн дуулиант хэрэг нь Балбын аялал жуулчлалын салбарын нэр хүндэд ноцтой цохилт болж байгаа бөгөөд прокурорууд буруутай этгээдүүдээс олон сая долларын торгууль нэхэмжлэхээр бэлтгэж байна.

Эх сурвалж:

inkl.com

ndtvprofit.com

tyla.com

countryrebel.com

tovima.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.