Ц.Лхагважав: Автомашины худалдаа эрхлэгчдийг "хэдэн халтар ченж" гэж доромжилсон Х.Нямбаатарыг уучлалт гуйхыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-аас уучлалт гуйх анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.
Энэхүү маргаан нь одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашинд Улаанбаатар хотын улсын дугаар олголтыг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор эхэлсэн байдаг.
Тухайн үед "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-ын зүгээс захиргааны аргаар шууд хориглохын оронд хамтран ажиллаж, шийдэл олох албан ёсны санал тавьсан.
Гэвч хотын дарга НИТХ-ын үеэр автомашин импортлогчдыг "Монголын валютыг гадагшлуулдаг, татвар төлдөггүй халтар хэдэн ченжүүд" хэмээн доромжилсон юм.
Үүнтэй холбоотойгоор тус холбоо шүүхэд хандсан бөгөөд жил гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүхийн процессын үр дүнд анхан шатны шүүхээс "Хотын даргын хэлсэн үгийг доромжлол гэж үзэн, олон нийтийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх шийдвэр гаргажээ.
Хотын даргын зүгээс нийгмийн тодорхой бүлгийг ялгаварлан гадуурхсан нь тэдний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэдгийг тус холбооны төлөөлөл онцолж байна. Автомашины импорт огцом буурч, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголт хумигджээ. Түүнчлэн өмнө нь үнэ төлбөргүй олгогддог байсан улсын дугаар далд эдийн засагт шилжиж, одоогоор 1-ээс 1.5 сая төгрөгийн үнэд хүрээд байгаа юм.
Мөн зах зээлд хятад автомашины импорт нэмэгдэж байгааг иргэдийн дундаж хэрэглээ болсон япон автомашины нийлүүлэлтийг бодлогоор хаасантай холбон тайлбарлаж байна.
Төрөөс болон банк санхүүгийн байгууллагуудаас хятад автомашиныг дэмжиж байгаа хэдий ч хоёрдогч зах зээл байхгүй, сэлбэг хэрэгсэл ховор, дэд бүтэц сул зэрэг нь иргэдийг эдийн засгийн хувьд хохироох эрсдэлтэйг анхаарууллаа. Шүүхийн шийдвэрийг хотын даргын зүгээс давж заалдах магадлалтай ч эцсийн дүндээ хуулийн дагуу уучлалт гуйна гэдэгт итгэлтэй байгаагаа нэхэмжлэгч тал илэрхийлэв.
Нийтийн албан тушаалтнууд иргэд, бизнес эрхлэгчид болон сэтгүүлчдийг доромжилдог байдалд энэхүү шүүхийн шийдвэр зөв жишиг тогтооно гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.