Хатан туулаа хамгаалъя хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарт Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагаа хүргүүллээ
"Хатан Туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийж, Туул гол дагуу хурдны зам барих төслийг эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Мөн энэ сарын 4-ний бямба гарагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсноо зарлав. Тус хөдөлгөөнийхөн ирэх бямба гарагийн 12:00-15:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх бөгөөд Туул гол дээгүүр хурдны зам барих ажлыг зогсоох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг дэмжиж буй иргэдийг нэгдэхийг уриаллаа.
Иргэдийн төлөөллөөс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүргүүлж буй шаардлагад Туул голын экосистем, нийслэлийн ундны усны эх үүсвэр болон голын ай сав дагуух таван аймгийн иргэдийн амьдрах орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй төслийг зогсоохыг тусгажээ.
Тодруулбал, уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, төслийн ажлыг нэн даруй зогсоох, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардсан байна.
Харин Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлагад Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг дурджээ. Үүнд, иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж олон нийтийг турхирсан, хүний эрхийн зөрчил гаргаж зүй бус харилцаа үүсгэсэн, төсвийн хөрөнгийг хаалттай, үр ашиггүй зарцуулсан, Сэлбэ, Дунд голыг сүйтгэсэн, төсөлд иргэдийн оролцоог хангаагүй мөн НИТХ-ын хяналтгүйгээр засаглах боломжийг бүрдүүлсэн зэрэг асуудлуудыг багтаасан байна.
Дээрх үндэслэлүүдтэй холбогдуулан Ерөнхий сайдад дараах шаардлагуудыг тавьжээ.
Нэгдүгээрт, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах.
Хоёрдугаарт, Туулын хурдны зам төслийн техник, эдийн засгийн үнэлгээ, байгаль орчин болон нийгэм, соёлын нөлөөллийн үнэлгээ зэрэг холбогдох баримт бичгүүдийг олон нийтэд ил тод болгох.
Гуравдугаарт, төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулж, Сангийн яамнаас хяналт шалгалт хийх.
Дөрөвдүгээрт, төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д танилцуулахыг шаардсан байна. "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний зүгээс эдгээр шаардлагын хариуг долоо хоногийн дотор өгөхийг шаардаж байгаа бөгөөд заасан хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мэдээллийн дараа иргэдийн төлөөлөл Төрийн ордныг зорьж, шаардах бичгээ холбогдох албаныханд гардуулан өгөв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.