Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувийн саналаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
МАН-ын ЕНБД Я.Содбаатар:
-МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөлөө. Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын 31 дүгээр Их хурлаас баталж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийн хүрээнд УИХ дахь намын бүлэгтээ УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Энэ дагуу намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх процессыг хэлэлцлээ.
Олон улсын парламентын нийтлэг жишгээр олон удаа сонгогдсон, туршлагатай улстөрчид парламентын даргаар ажилладаг. Энэ жишгээр намын дарга олон удаа парламентад сонгогдсон гишүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон.
Ингээд УИХ-ын даргад С.Бямбацогт, С.Амарсайхан нарын хоёр гишүүнийг нэр дэвшүүлэхээр яригдсан ч С.Амарсайхан гишүүн Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө нэрээ татаж авсан. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоо энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж, хуулийн дагуу УИХ-ын даргыг томилох процесс үргэлжилнэ. Парламент олонх, цөөнхийн зарчмаар ажилладаг бөгөөд олонх болсон нам УИХ-ын даргаа сонгодог хуультай.
С.Амарсайхан гишүүний хувьд намын даргатай улс төрийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцож, С.Бямбацогт гишүүнийг дэмжих байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр эхний ээлжид УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ. Намын бүлэг хуралдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Үүний дараа Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдах бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудлыг бие даан шийдвэрлэх ёстой.
Нам доторх эв нэгдэл болон албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг ямар нэгэн хуйвалдааны зарчмаар бус, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж, МАН-ын дүрмийн хүрээнд ил тод шийдвэрлэж байна.
Бусад улс төрийн намтай хамтран ажиллах, эвслийн Засгийн газар байгуулах, сайд нарыг томилох зэрэг нь Үндсэн хуулийн дагуу зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Одоогоор Ерөнхий сайд намын Удирдах зөвлөл дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх эцсийн байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.