Энэ жил 800 тэрбум, ирэх онд 800 тэрбум төгрөгийг Туулын хурдны зам барихад нийслэлийн төсөвөөс зарцуулна

Энэ жил 800 тэрбум, ирэх онд 800 тэрбум төгрөгийг Туулын хурдны зам барихад нийслэлийн төсөвөөс зарцуулна

   УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг өмнө нь Байгаль орчны байнгын хороо хэлэлцэхээр товлосон ч (2026.03.31) ирц хүрэлцээгүй тул хойшилсон юм. Харин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан шаардлагатай ирцээ бүрдүүлж, хэлэлцүүлгийг эхлүүллээ.

 Байнгын хорооны 29 гишүүнээс 19 нь оролцож, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулт өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Ажлаа хүлээж авах үед Улаанбаатар хотын авто замын уулзваруудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн урсгалыг гараар, цаасан дээр тоолдог байдалтай байсан. Ийм нөхцөлтэй хотыг хүлээж авсан.

 Харин Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байх үедээ нийслэлийг бүрэн камержуулах ТЭЗҮ боловсруулж дуусгасан. Үүний дагуу камерын нэгдсэн системийг суурилуулах тендер зарлаж, уг ажил саяхан бүрэн хэрэгжсэн.  Одоогоор 2500 цэгт камер ажиллаж, бодит цагийн горимоор тээврийн хэрэгслийн урсгалыг бүртгэх боломж бүрдсэн.

Энэ мэдээлэлд үндэслэн Туулын хурдны замаар өдөрт 180 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчих тооцооллыг хийж, зам ашиглалтад орсны дараа төлбөртэй эсэхийг НИТХ шийдвэрлэх бөгөөд одоогийн байдлаар барилгын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна.

“Өдөрт 300 орчим ажилтан, 200 гаруй техник хэрэгсэл 12 цагийн горимоор ажиллаж байна. 2027 оны долдугаар сарын 1-нд замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн ч бусад дагалдах ажлууд бүрэн дуусахгүй байх магадлалтай” хэмээн мэдээллээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Барилгын явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг дунд зэрэг, ашиглалтад орсны дараах нөлөөллийг бага гэж үнэлсэн. Энэхүү дүгнэлтийг Байгаль орчны яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл гаргасан бөгөөд үүнд үндэслэн төслийг эхлүүлсэн”.

Түүнчлэн “Туулын хурдны зам болон 1, 2 дугаар тойрог замыг зургаан эгнээтэй байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд цаашид энэ тоо өсөх хандлагатай.

Давхардсан тоогоор өдөрт 200 мянга орчим тээврийн хэрэгсэл тус замаар зорчих тооцоо бий. Мөн ETC системийг нэвтрүүлж, зам ашигласны төлбөрийг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

Санхүүжилтийн хувьд энэ онд нийслэлийн төсвөөс 800 тэрбум төгрөг, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг уг төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байна.

“2027 оноос нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээ харьцангуй багасна гэж үзэж байгаа тул томоохон төслүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн бондын эргэн төлөлтийг тооцоолсон” гэж Т.Даваадалай тайлбарлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.