ТББХ-ны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өглөөний 09:20 цагаас хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ө.Шижир нар асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Асуух асуулт алга. Хариулт нь үр дүнгүй байдаг учраас үг хэлье. Улстөрийн шийдвэр гарсан гэж байна. Танай нам дээр улстөрийн шийдвэр гардаг, түүнийг дагадаг байх. МАН нам авлигатай эвлэрдэггүй гэж хэвлэлээр гарч байна.
Гэтэл танай нам авлигатай эвлэлдэн нэгдээд, схем зураад, тэр схемээ задалж уншиж чадахаа больчихсон юм биш үү? Тийм л байгаа шүү дээ.
Бага байхад хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг дуртай үедээ нураагаад, салаад, нийлээд тоглодог. Яг ийм л дүр зураг харагдаж байна шүү дээ.
Хэн энэ авлига, хулгай хийгээд байгаа юм. Ард түмэн лав хийгээгүй байх. Энэ бол ард түмнээрэ тоглосон, улс орныг сүйрүүлэх хэмжээнд л аваачиж байна шүү. Энэ схемээ задалж унших хэрэгтэй гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Намын дарга Ерөнхий сайд болно гээд УИХ-ын даргын ажлаа голонгуй маягтай өгч байна. Саяхан Хойд солонгост удирдагч нь 99,93 хувиар ялсан юм билээ. Өчигдөр МАН 99,93 хувиар яралзтал гараа өргөөд явуулж байна л даа.
Сүүлийн танай намын 100 жилийн түүхийг яриад яах вэ. Бодоо, данзан, Сүхбаатар гээд... Сүүлийн 10 жилд намын дарга УИХ-ын дарга байсан М.Энхболдыг яав, Ж.Эрдэнэбатыгаа яав, Л.Оюун-Эрдэнийгээ яав?
90, 99 хувиар гуян дээр чинь алгадаж гуя ганзагалуулж явуулчихаад араас чинь хөлөнд чинь хориотой мэхээр боодог хүмүүс шүү дээ, таны хажууд байгаа хүмүүс чинь! Хоолойг чинь өчих мэхээр боож, ямбийтал зоддог хүмүүс шүү дээ!
Ийм нөхцөлд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд байлаа. Энийг та өөрөө эрхбиш харсан байлгүй дээ. Ер нь УИХ-ын гишүүд Үндсэн хуулинд тангараг өргөдөг болохоос биш намын даргад тангараг өргөдөггүй шүү.
Надад ганцхан асуулт байна.
Өчигдөр танай Бага хурал хуралдлаа. Танай бага хурлын гадуур Дорнод аймгийн, Архангай аймгийн гэх мэт аймгийн Засаг дарга нарын машин бүтэн эргэлдлээ. Намын хуралд яагаад төрийн машин унаж ирээд, төрийн мөнгөөр шатахуун хийгээд байгаа юм бэ. Энэ ёс зүйн зөрчил мөн үү. Бүтэн сайн өдөр төрийн байгууллага ажиллаагүй. Яагаа төрийн мөнгөөр, төрийн машин унаж ирээд намын хуралд оролцоод байна вэ. Үүнийг та нэг хариулаад өгөөч?
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал:
Өчигдөр олонхийг бүрдүүлж байгаа нам төлөөллийн төв байгууллагын хурлаа хийсэн. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар улс төрийн албан тушаалтнууд. Аймгийн удирдлагууд Улаанбаатар хотод ирэхдээ унаж байгаа машинтайгаа л ирнэ шүү дээ. Аль ч намын улс төрийн албан тушаалтнууд төлөөллийн төв байгууллагынхаа хуралд сууж, мэдээлэл сонсож, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлээр ажилладаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.