Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг МАН-ын УЗ хүлээн авч, МАН-ын бүлгийн хуралдаан зарлалаа

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хурал зарлаад байна. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар ЕНБД Я.Содбаатар танилцуулахдаа:

-МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын нийгэм эдийн засаг, дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас эдийн засагт ирж байгаа хүндрэл, нөгөө талдаа парламентын үйл ажиллагаа гацаж байгаа асуудал зэргийг олон талаас нь авч хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө намын Удирдах зөвлөлд өгсөн. Үүнийг Удирдах зөвлөл хэлэлцэж, түүнийг хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу асуудлыг авч хэлэлцэхээр боллоо. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлийн улс төрийн шийдвэрийг авч хэлэлцэнэ. Эхлээд хуулийн дагуу Засгийн газрын тэргүүн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар авч хэлэлцэнэ, гэсэн юм. 

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдсөнөөр намын дарга Ерөнхий сайд байх хуулийг мөрдөж, одоогийн УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болно. Харин УИХ-ын дарга хэн байх талаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаа аж. 

Өнгөрсөн 2025 оны зургадугаар сарын 13-нд Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж байв. Гэвч найм орчим сарын дараа Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүсэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.