“Нэгүүн.мн” сайтын захирал Л.Баяржаргалыг цагдан хорихоос татгалзав
Нийслэлийн прокурорын газраас Л.Баяржаргалд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг эд хөрөнгө шилжүүлэхийг шаардсан, заналхийлсэн байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг мөрдөгч, хохирогч нарт нөлөөлсөн, дарамталсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокуророос 2026 оны гуравдугаар сарын 26-нд шүүхэд хүргүүлжээ.
Гэвч шүүхээс уг үндэслэлүүдийг хангалттай баримтаар нотлогдоогүй гэж үзэн, яллагдагч Л.Баяржаргалыг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Хэргийн талаар өмнө нь Цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ, “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн хувийн мэдээллийг нийтэлж, цаашид хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байж болзошгүй. Улмаар иргэн Ж нь 2026 оны гуравдугаар сарын 4-нд 30 сая төгрөгийг бэлнээр шилжүүлсэн нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн.
Харин “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал уг мэдээллийг няцааж, “Надад 30 сая төгрөг хүргэлтийн таксигаар илгээсэн гэх боловч би тухайн мөнгийг аваагүй, ийм үйл явдал болоогүй” хэмээн тайлбарласан байна.
Сануулахад, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд бусдыг эд хөрөнгө шилжүүлэхийг шаардаж, заналхийлэх, сүрдүүлэх замаар дарамталсан тохиолдолд торгох эсхүл 2-8 жил хүртэл хорих ял оногдуулах зохицуулалттай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.