Б.Одбаяр: АН-ын дотоод сонгууль луйврын сонгууль болсон
Ардчилсан намын дотоод сонгууль улс орон даяар болсон ч зарим дүүрэгт ноцтой зөрчил, шударга бус байдал үүссэн учир АН-ын гишүүд намын байран дээрээ сонгууль дахин явуулахыг шаардаж, тав дахв өдрөө суулт хйиж байна.
БЗД-ийн АН-ын гишүүн Б.Одбаяр:
-АН-ын дотоод сонгуульд МАН-ын гишүүд бүртгүүлж санал өгсөн нь нэг баримт мөн. Гэсэн ч үүнийг нийт асуудлын шалтгаан мэт ойлгож болохгүй. Манай намын дотоод сонгууль ерөнхийдөө улсын хэмжээнд боломжийн зохион байгуулагдсан ч нийслэлийн зарим дүүрэг, ялангуяа Баянзүрх дүүрэгт ноцтой зөрчлүүд гарсан.
Баянзүрх дүүргийн гишүүдийн зүгээс “Ардчиллаа аваръя” түр хороо байгуулан ажиллаж байна.
Тус дүүрэгт дараах зөрчлүүд баримтаар нотлогдсон:
-Санал өгсөн иргэдийн тоог зөрүүтэй бүртгэсэн. Жишээлбэл, 138 хүн санал өгсөн байхад 197 хүн гэж бүртгэн, 60 орчим саналын хуудас илүү ашигласан.
-Саналын хуудасны бүрдүүлэлтэд алдаа гарч, зориудаар зохион байгуулалт хийсэн нөхцөл байдал илэрсэн.
-Эмэгтэй нэр дэвшигчдийн эрхийг зөрчсөн. Тухайлбал, эмэгтэй нэр дэвшигчдийг эрэгтэйчүүдтэй холин жагсааж, зарим тойрогт өөрсдийн талын эмэгтэй нэр дэвшигчийг зөвхөн эмэгтэй квот дээр байршуулж, бусдыг холих замаар өрсөлдөөний тэгш байдлыг алдагдуулсан. Үүний улмаас сонгогч заавал бүх нэр дэвшигчийг дугуйлах шаардлагад орж, санал хүчингүй болох эрсдэл үүссэн нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл болсон.
Мөн Ардчилсан намын Цахим бодлогын хэлтсийн даргын албан мэдэгдлээр Баянзүрх дүүргийн 43 үүр дээр цахим систем огт ашиглаагүй нь тогтоогдсон.
Олон нийт уг асуудлыг МАН-ын гишүүд оролцсонтой холбон ойлгож байгаа ч энэ нь зөвхөн нэг талын асуудал юм. Үндсэндээ дотоод зохион байгуулалт, хяналтын сул байдлаас үүдэлтэй зөрчлүүд илэрсэн.
“Ардчиллаа аваръя” санаачилга Баянзүрх дүүргээс эхэлсэн ч бусад дүүргүүд дэмжин нэгдэж байна. Энэ нь зөвхөн дотоод асуудал биш, харин нам дотроо шударга, эрүүл байх замаар улс төрийн өрсөлдөөнд оролцох ёстой гэсэн байр суурь юм.
Хэрэв сонгууль шударга болсон бол өнөөдөр ийм шаардлага тавих нөхцөл үүсэхгүй байсан. Бид намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, хяналтын дэд зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. Хэрэв бодитой шийдвэр гарахгүй бол дараагийн шатны арга хэмжээнд шилжинэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.