“Шүгэл үлээгчдийг” 5 тэрбум хүртэл урамшуулна

“Шүгэл үлээгчдийг” 5 тэрбум хүртэл урамшуулна

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шинэ шатанд Монгол Улс шилжихээр бэлтгэж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүгэл үлээгчийн тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, олон нийтэд мэдээлэл өглөө. Уг хууль батлагдвал нийтийн ашиг сонирхлын төлөө зөрчил, хууль бус үйлдлийг илчилсэн иргэдийг төрөөс хамгаалж, санхүүгийн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдэх юм.

 Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн танилцуулснаар уг төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжих гэж буй “шүгэл үлээгчийг хамгаалах” бие даасан хууль юм.

Хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхолтой холбоотой: авлига, албан тушаалын гэмт хэрэг, төсөв, татвар, төсөлтэй холбоотой зөрчил зэрэг асуудлыг илчилсэн иргэнийг төрөөс хамгаалах, мөн урамшуулах зохицуулалтыг тусгажээ.

 Тодруулбал, “шүгэл үлээгч”-д нэг саяас таван тэрбум төгрөг хүртэлх урамшуулал олгох боломжтой байхаар тусгасан байна.

 Албаныхны зүгээс энэ хууль нь гэмт хэрэгтэй тэмцэх төрийн чадавхыг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн оролцоог дэмжих чухал механизм болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль бус үйлдлийг мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг хамгаалж чадвал төрийн байгууллагуудын үйл ажиллагаа илүү үр дүнтэй болох нөхцөл бүрдэх аж.

Мөн олон улсын жишгээр авлигын түвшин багатай, хяналт сайтай орнууд “шүгэл үлээгчийг хамгаалах” тогтолцоотой байдгийг онцолж, Монгол Улс энэ чиглэлд хоцрох ёсгүйг дурдлаа.

 Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дагалдан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Засгийн газар төслийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.