Шатахууны үнэ долдугаар сараас нэмэгдэж болзошгүй
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн, дэлхийн зах зээл дэх тогтворгүй байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлтэд томоохон эрсдэл үүсэж, шатахууны үнэ өсөх нөхцөл бүрдэж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
Түүний хэлснээр, эрчим хүчний дэд бүтцүүдэд учирч буй цохилт, тээврийн гол зангилаа бүсүүдэд үүссэн зөрчил нь дэлхийн нефтийн зах зээлд нийлүүлэлтийн “шок” бий болгож эхэлжээ. Үүний улмаас газрын тосны үнэ 100 ам.доллараас давж, зарим тохиолдолд 103 ам.долларт хүрээд байна.
Монгол Улсын хувьд одоогоор шатахууны нийлүүлэлт тасалдах эрсдэл бага ч үнийн өсөлтөөс зайлсхийх боломжгүй аж. Одоогийн гэрээний нөхцөлөөс шалтгаалан ойрын саруудад үнэ тогтвортой байх ч долдугаар сараас өсөх эсэх нь шийдэгдэх төлөвтэй байна. Ялангуяа дизель түлш дээр тогтворжуулалтын механизм сул байгааг онцоллоо.
Хэрэв нефтийн үнэ 110 ам.долларт хүрвэл Монголын шатахууны үнэ 12.7 хувиар өсөж, инфляцид 0.7 хувийн дарамт үзүүлэх тооцоо гарсан байна. Харин 130 ам.долларт хүрвэл инфляци 17 хувьд хүрэх эрсдэлтэйг анхааруулав.
Засгийн газрын зүгээс эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор тусгай зөвлөл байгуулж, хууль эрх зүйн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Одоогийн байдлаар Монгол Улс шатахууны тодорхой нөөц бүрдүүлсэн бөгөөд: АИ-92 бензин – 41 хоног * АИ-95 бензин – 70 хоног * Дизель түлш – 28 хоногийн нөөцтэй байна.
Мөн хүнсний нөөц хэвийн, дотоодын үйлдвэрлэлийн боломж нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо. Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр холбогдох зөвлөл хуралдаж, цаашдын үнийн бодлогыг хэлэлцэхээр болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.