Туулын хурдны зам барих компанийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн үү?
Туулын хурдны зам барих тендерт China Hyway групп лимитэд гэх компани шалгарсан гэх бөгөөд тус компани нь 15 жилийн туршлагатай, Хонг Конг, Малайз, Ангол гэх мэт 10 гаруй улсад олон мянган км зам тавьсан туршлагатай хэмээн Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр болон Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай, нар мэдэгдэж буй. Гэвч тэд ХУДЛАА ярьсан байх магадлалтай баримтыг доор үзүүлье.
Юун түрүүнд Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, эдийн засаг болон, байгаль орчны үнэлгээ нь одоог хүртэл батлагдаагүй. Батлагдсан ч судлаач, мэргэжилтнүүдийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлснийг Ойн салбарын мэргэжлийн холбооны тэргүүн, ой судлаач Д.Мөнхзориг, Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм нар цахим хуудсаара дамжуулж мэдэгдсэн юм.
Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлээд зогсохгүй, тендерт сонгон шалгарсан гэх хятадын China Hyway групп лимитэд компанийн мэдээллийг ч хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй байна.
Учир нь албан ёсны мэдээллүүд дээр тендерт шалгарсан гэх компани нь “ХаоЮань групп”/China Hyway/, Хаоюань женерал констракшн гэсэн хоёр өөр нэрээр явж байгаа бөгөөд алийг нь гэхэд ихээхэн эргэлзээтэй аж.
НЗДТГ-ын албаны ёсны мэдээллийн Ulaanbaatar.mn сайтад
"Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ."
гэж оруулсан бүх мэдээлэл нь худлаа байх аж.
Учир нь Opendatalab нээлттэй мэдээлэл дээр “ХаоЮань групп”/China Hyway/ гэх компани нь дөнгөж 2025.12.09-нд үүсгэн байгуулагдсан компани байх аж.
Харин Хаоюань женерал констракшн гэж хайвал мөн л 2025.08.21-нд бүтгэгдсэн компани байх аж.


Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүйн өмнө байгуулагдсан энэ компани 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулсан байх ямар ч боломжгүй юм.
Хэрвээ дээрх хоёр өөр нэртэй компанийн China Hyway limited компанийг нь тендерт шалгасан гэж үзээд өөрийнх нь албан ёсны сайтаас мэдээлэл хайж үзвэл Улаанбаатар мэдээ дээр тавьсантай ижил мэдээлэл байх бөгөөд олон улсын сайт, мэдээ мэдээллүүдийн хэрэгслүүд дээр өмнө нь ямар төсөл хэрэгжүүлж, зам тавьсан талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.
Эндээс дүгнэж үзвэл НЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар ХУУЛЬ БУС ТЕНДЕР сонгон шалгаруулалт явуулж, ямар ч туршлагагүй компаниар Туулын хурдны замыг бариулах гэж байх магадлалтай аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.