Ц.Лут-очир: “Туул гол дээр хурдны зам барих нь экологын сүйрэл”

Ц.Лут-очир: “Туул гол  дээр  хурдны  зам  барих нь  экологын  сүйрэл”
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг асуудлаар эдийн засагч Ц.Лут-очир байр сууриа илэрхийлж, ТУУЛ ГОЛЫН экосистемд ноцтой эрсдэл үүсэхийг анхаарууллаа. Тэр Бээр төслийн трассыг өөрчлөх, эс бөгөөс бүрэн зогсоох шаардлагатайг онцолж байна.
 
ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТӨСЛИЙГ ТА ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ВЭ?
 
– Дэлхийн зарим улс орнууд голын эрэг дагуу хурдны зам барьж байсан туршлага бий. Гэвч байнга бороо ордог, чийглэг уур амьсгалтай Европ, Солонгос зэрэг орнуудын хувьд ийм шийдэл нь буруу гэдгийг ойлгож, барьсан замуудаа буцаан буулгах жишээ ч байна.
Иймд бид бусдын гаргасан алдааг давтах шаардлагагүй. Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот нь аль хэдийн хуурайшилттай, эмзэг экосистемтэй. Хотын хүн амыг ундаалж буй цорын ганц эх үүсвэр болох ТУУЛ ГОЛ жилээс жилд багассаар байна.
 
Гэтэл ийм нөхцөлд автомашины хүнд метал, химийн нөлөөлөл бүхий ачааллыг шууд голын гольдрол, татам дотор 11 км урт замаар төвлөрүүлнэ гэдэг нь байгаль орчны хувьд маш өндөр эрсдэлтэй. Энэ нь цаашлаад экологийн ноцтой доройтол, сүйрэлд хүргэж болзошгүй.
 
Бидний зүгээс ямар нэг улс төрийн зорилго байхгүй. Хотын удирдлага хэн байх нь ч бидэнд хамааралгүй. Харин бидний ярьж буй зүйл бол нийслэлийн иргэдийн ундны ус, улмаар аймаг, сумдын мал, амьтны эрүүл мэндийн асуудал юм.
 
 Монголчуудын хувьд ус бол амьдралын үндэс. Бид урт хугацаанд тогтвортой амьдрахын тулд цэвэр, тунгалаг усаа хамгаалах ёстой.
 Бид өндөр хөгжсөн орнууд шиг бүрэн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид найдахгүй, тодорхой хэмжээнд шууд байгалийн эх үүсвэрээсээ хамааралтай хэвээр байна. 
 
 Мөн эдийн засгийн хувьд ч энэ төсөл оновчтой эсэх нь эргэлзээтэй. Гүүрэн байгууламж бүхий зам нь энгийн авто замаас хэд дахин өндөр өртөгтэй байдаг.
 
 Хэрэв зайлшгүй зам барих шаардлагатай бол гэр хорооллын бүсэд газар чөлөөлж шийдэх хувилбарууд бий. Энэ тохиолдолд: Төсөв харьцангуй бага зарцуулагдана, иргэд нөхөн олговор авч, амьдрах орчноо сайжруулах боломжтой,
 
 Ийм байхад заавал ТУУЛ ГОЛЫН эрэг дагуу, хамгийн эмзэг бүсэд өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлэх гэж байгааг бид буруу гэж үзэж байна.
 
  Бидний шаардлага тодорхой: Нэгдүгээрт, төслийн трассыг өөрчлөх. Хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол төслийг бүрэн зогсоох ёстой.
 
Бид сүүлийн өдрүүдэд ТУУЛ ГОЛЫН эрэг дээр болон төв талбайд жагссан. Энэ бол зөвхөн голын ойролцоо амьдардаг иргэдийн асуудал биш, харин Улаанбаатар хотын бүх иргэдийн аюулгүй байдал, ирээдүйн амьдралын чанарт хамаарах асуудал юм. Иймд иргэдийг идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.