М.Энхбадрал: 1 км нь 70 тэрбумын үнэтэй хурдны замыг элдэв барьцаагүй "эрх чөлөөт иргэд" л голцуу шүүмжилж харагдана
Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Туулын хурдын замтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр,
Шударга бус, бурангуйг ямагт шүүмжилдэг, түүнийгээ дийлэнх тохиолдолд илэрхийлдэг хүний хувьд хэдэн зүйл хэлье. Монголчууд эрх чөлөөгөө хамгаалъя гэвэл дараах хэдэн салбараа бэхжүүлж, хөгжүүлэхээс өөр аргагүй. Чөлөөт хэвлэл мэдээлэл, улс төрийн нам, парламент, академик салбар тэргүүтэн үүнд орно. Гэвч энэ хэд маань ер болж өгөхгүй байгааг "туулын хурдны зам" харуулж байна.
Тухайлбал:
1 км нь 70 тэрбумын үнэтэй хурдны замыг элдэв барьцаагүй "эрх чөлөөт иргэд" л голцуу шүүмжилж харагдана.
Харин институцүүд:
Хэвлэл.
Голлох хэвлэлүүдийг харвал ус балгажээ. Дийлэнх нь нийслэл, Нямбаатартай хэвлэлийн гэрээтэй, мөнгө авдаг учраас л тэр шүү дээ. За, ингээд татвар төлөгчдийн мөнгөөр, өөрсдийнх нь нүд чихийг тагладаг гэдгийн энгийн жишээ энэ болно. Эрх чөлөөгөө зараад, өөрсдөө очоод гав гинжээ зүүчихдэг нь хэцүү.
Академикууд
Дошин дээрээ атаман зантай эрдэмтэн судлаачид мөн л анир чимээгүй. Эрх мэдэлтэй хүнд ганц үг хэлж чадахгүй, үхтлээ айна. Мэргэжлийн хүмүүс нь дуугарч, байр сууриа илэрхийлэх нь угтаа тэдний нийгмийн үүрэг мөн. Ямар ч эрүүл ухаанд эргэлзээ төрөхүйц өндөр төсөвтэй, байгальд халтай уг ажлыг хөндөх "зориг" тэдэнд алга. Академикуудыг салбараар нь алга болгоход үндэстэн, нийгмээрээ нэг их хохирохооргүй хэмжээнд байгаа нь гунигтай.
Засгийн газар, УИХ
Нийслэлийн галзуурлыг огт мэдээгүй мэт ЗГ, УИХ-ыг харвал уг төсвийн ашиг хүртэгч нь зөвхөн нийслэлийн удирдлага биш нам, намын удирдлагууд, магадгүй дараагийн сонгуулийн төсөв цавчаа нь энд байна гэж хардах үндэслэлтэй. Ер нь олон улсад ийм тохиолдлыг авлигын эрсдэл гэж үзнэ.
1.9 их наяд төгрөг бол Монголд бүтэн салбарт реформ хийх мөнгө. Жишээ нь өнөөх олон жил хийж чадаагүй IV цахилгаан станцын засвар нь 360 тэрбум төгрөг буюу 5 дахин бага мөнгө.
Манай ЗГ-т Байгаль орчин, Зам тээвэр хариуцсан яамд байгаа хэвээрээ юу?
Нам
Намууд төлөвшиж, хөгжихгүйгээр засаглал сайжрахгүй. Тэднийг үзэн яадахаасаа илүү сайжруулах нь бидэнд хэрэгтэй.
Гэвч МАН-ын бэлдсэн лидерүүд Оюун-Эрдэнэ, Нямбаатар нараар жишээлэхэд ардчилсан улсын төрд ойртуулах ёсгүй дарангуй хүмүүсийг тэд бэлдэж гаргажээ. Товчхондоо намууд, тухайлбал МАН ардчилсан улсыг удирдах лидер бэлдэж чадахгүй байна.
Эрүүл шүүмжлэлд ямар хариу үзүүлж байгаагаар нь хүнийг дүгнэж болно. Зам яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж асуухад нохой болгон руу чулуу шидэхгүй гэж хариулдаг балмад хүмүүс эрх мэдэлд байхад үүнд эргэлзэж, хардах нь Монгол улсын иргэний хувьд зүй ёсны үйлдэл билээ. Энгийн асуулт, эрүүл шүүмжлэлийг хүлээж авч чадах хүмүүст л намууд мандат өг.
АН чуулган бойкотолж, дотоод сонгуулиа хийгээд олон нийтийн ойлголт хүлээлтийг хангаж чадахгүй шинжтэй. Сөрөг хүчин бол "Туулын хурдны зам"-ыг тендерээс нь эхлээд зам мөрөөр нь ухаад, Ерөнхий сайд Занданшатарт Нямбаатарыг огцруул эсвэл өөрөө огцор гэж тулгаад, нийслэлийн галзуурлыг дарж байх учиртай. Чадавхын асуудал.
Ерөнхийдөө:
Улс орны эрх ашгийг бодвол бид 1.9 их наяд төгрөгөөр гол тасалж гүүр, зам барих нь нэн тэргүүний асуудал огт биш. Нийтийн эрх ашгийг бодоогүй ийм төслийн цаана цөөнх эрх мэдэлтний эрх ашиг байдаг.
Бохир аргыг хүмүүс жигшдэг болсон. Иргэдийн пост бүрд хараал зүхэл бичих троллуудыг ажиллуулж, хэвлэлээр магтуулж, ажлыг нь зүгээр хийлгэ гэх мэт муйхар хандлага хэрээс хэтэрлээ. Өнөөдөр л гэхэд төслийн байгаль орчны үнэлгээг хийхдээ огт оролцоогүй 2 мэргэжилтний гарын үсгийг хуурамчаар ашигласан болох нь илчлэгдлээ!
Нямбаатар одоо хангалттай. МАН, ЕС түүнд хариуцлага хүлээлгэж огцруулах эсвэл өөрсдөө хамт огцрох нөхцөл ирж байна. Нэгэнт хаврын улс төр Нямбаатарыг огцруулах дараагийн ЕС-ыг нэхэж байгаа хойно.
Мэдээллээ нууцалж, бүгдийг улс төрийн тохироо, пиар, муйхар түрэмгийллээр шийднэ гэж зүтгэх нь одоо үед тохирохгүй. Хаалттай, түрэмгий шийдвэр гэдэг иргэдэд мэдэгдэж болохгүй асуудлууд байгаагийн илрэл.
Би хувьдаа эрх чөлөөтэй байх дуртай. Түүнийгээ хамгаалахад цаг зарцуулахаас ер зугтахгүй. Хэдэн хүн улиг болтлоо бүх болохгүйг хэлдэг биш институцүүд ажилладаг, хариуцлага хүлээдэг нийгэмд амьдарцгаая.
Зураг: 24 оны намар нийслэлээс Сэлбийн даланг яг сэглэж байх үед Ром хотын Тибер мөрний далан дээр. 20 гаруй улсаар явахад гол гаталсан гүүрүүд байхаас биш гол сүйтгэсэн гүүр үзээгүй.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.