Ж.Урангоо: Намайг гэртээ урьж аваачаад зодсон байхад 100 мянгаар торгоод өгөрсөнд гомдолтой байна
"Хаан шонхорууд" багийн гадаад тоглогч Байрон Уэсли Ж.Урангоо гэх охиныг гэртээ аваачиж, зодсон гэх асуудал хөндөгдсөн ч олон нийт тухайн хохирогч гэх охиныг буруутгаж, бүллидэх хандлагатай байна. Тиймээс бид хохирогч Ж.Урангоотой ярилцлаа.
Сэтгүүлч: Та тухайн хүнтэй хэрхэн танилцаж байсан бэ? Өмнө нь уулзах үед ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?
Ж.Урангоо: 2025 онд Instagram хаягаар танилцаж байсан. Түүнээс хойш хааяа холбоотой байж, нэг удаа уулзаж байсан. Анх уулзахад даруухан, нэг их яриа хөөрөө багатай хүн шиг санагдсан. Тиймээс ийм үйлдэл гаргана гэж огт бодоогүй. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад 2026 оны гуравдугаар сарын 7-нд, миний төрсөн өдөр над руу холбогдож, гэртээ ирэхийг урьсан. Тэр үед би найзуудтайгаа гадуур явж байсан ч тэр тасралтгүй бичээд байсан учраас өглөөний 04:00 цагийн орчимд гэрт нь очсон.
Сэтгүүлч: Тухайн өдөр яг юу болсон бэ?
Ж.Урангоо:
Гэрт нь очиход хоёр эмэгтэйтэй хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан. Би өөрөө ч бага зэрэг согтолттой байсан учраас буйдан дээр нь хэвтсэн. Тэр залуу нөгөө хоёр эмэгтэйтэйгээ маргалдаж, удалгүй тэд гараад явсан. Үүний дараа намайг гэрээс нь явахыг шаардсан. Би тухайн үед согтолттой байсан учраас шууд гарч чадаагүй. Гэтэл тэр уурлаж, миний биед халдаж, шидэж, боож, гэмтэл учруулсан.
Сэтгүүлч: Үүний дараа та ямар арга хэмжээ авсан бэ?
Ж.Урангоо: Би аль болох хурдан тэндээс гарахыг хичээж, гэртээ харьсан. Дараа нь орой нь цагдаад гомдол гаргасан.
Сэтгүүлч: Цагдаагийн байгууллагаас ямар шийдвэр гарсан бэ?
Ж.Урангоо: Шүүх шинжилгээгээр биед хөнгөн гэмтэл тогтоогдсон гэсэн. Үүний дагуу тухайн хүнийг 100 мянган төгрөгөөр торгосон. Энэ шийдвэрт маш их гомдолтой байна. Хүний биед халдсан байхад ийм бага торгууль ногдуулж байгаа нь шударга биш санагдсан.
Сэтгүүлч: Та хэвлэлд хандах болсон шалтгаан, зорилгоо тайлбарлахгүй юу?
Ж.Урангоо: Зөвхөн миний асуудал биш гэж бодож байна. Манай улсад олон гадаад тамирчид ирж тоглодог. Тэдний дунд ийм төрлийн ёс зүйн зөрчил гаргах тохиолдол байдаг талаар сонсож байсан.
Тиймээс холбогдох байгууллагууд гадаад тамирчдын сахилга бат, ёс зүйд илүү анхаарах хэрэгтэй. Мөн энэ хүнийг зүгээр өнгөрүүлэхгүй, хариуцлага тооцож, дахин ийм хохирогч гарахгүй байгаасай гэж хүсэж байна.
Сэтгэгдэл (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.