Монголчууд АНУ-ын визэнд орохын тулд 15,000 ам.долларын барьцаа төлдөг боллоо
Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ гэжээ.
АНУ-ын Төрийн департаментаас гаргасан анхаарал татахуйц өөр нэг шийдвэр нь H1-B, H-4, F, M, J ангиллын виз мэдүүлэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд бичсэн мэдээллийг үндэслээд виз олгох эсэхээ шийднэ гэсэн үг.
Энэ шийдвэр өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлжээ.
Тодруулбал АНУ-аас H1-B, H-4, F, M, J ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгч бүр өөрийн олон нийтийн сүлжээн дэх бүх профайлын нууцлалын тохиргоог “public” буюу нээлттэй горимд шилжүүлэх шаардлагатай. Улмаар АНУ-ын хуулийн дагуу таны хэн болохыг тогтоох, АНУ-д нэвтрэх эрхтэй эсэхийг тодруулах шалгалт хийх боломжийг бүрдүүлнэ.
АНУ-ын цагаачлалын бус визний эдгээр ангиллууд нь тухайн хүний зорчих зорилгоос хамааран өөр өөр эрх, үүргийг олгодог. 1. H-1B виз. Энэ нь нарийн мэргэжил эзэмшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй гадаадын иргэдийг АНУ-д түр хугацаагаар ажиллуулах зориулалттай виз юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологи, инженерчлэл, шинжлэх ухаан, санхүү зэрэг нарийн мэргэжлийн салбарт ажиллах хүмүүст олгодог виз аж. Ингэхдээ АНУ-ын ажил олгогч нь тухайн ажилтныг ивээн тэтгэж (Sponsorship), Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. 2. H-4 виз. Тодруулбал, H-1B, H-2B, H-3 зэрэг "H" ангиллын виз нь гэр бүлийн гишүүдэд олгодог виз юм байна. Энгийнээр тайлбарлавал виз эзэмшигчийн хууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдүүдэд олгодог виз аж. Гэхдээ АНУ-д амьдрах, сургуульд сурах эрхтэй боловч тодорхой тусгай зөвшөөрөл (EAD) авалгүйгээр ажил эрхлэх боломжгүй виз юм. 3. F виз. АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж, дунд сургууль эсвэл хэлний бэлтгэлд суралцах оюутнуудад олгодог виз аж. F-1 визийг үндсэн суралцагч оюутанд олгодог аж. F-2 нь F-1 виз эзэмшигчийн эхнэр/нөхөр, хүүхдэд олгодог виз юм байна. Гол нөхцөл нь сурах сургуулиасаа I-20 маягт авсан байх шаардлагатай. 4. M виз. Эрдэм шинжилгээний бус буюу техникийн, мэргэжил олгох сургалтад (жишээ нь: нисгэгчийн дамжаа, гоо сайхны сургууль, техникийн сургалт) суралцах оюутнуудад олгодог виз аж. M-1 визийг үндсэн суралцагч оюутанд олгодог бол M-2 визийг үүний гэр бүлийн гишүүдэд олгоно. F визтэй харьцуулахад сургалтын явцад болон дараа ажиллах эрх (OPT) илүү хязгаарлагдмал байдаг. 5. J виз. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд олгодог виз. Соёл, боловсролын салбарт туршлага солилцох зорилгоор уг визийг олгодог. Үүнд оюутан, багш, судлаач, зуны ажил-аялал (Work and Travel), Au Pair зэрэг хөтөлбөрүүд багтана. Гол нөхцөл нь хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагаас DS-2019 маягт авсан байх ёстой.Монгол Улсын иргэдийн B1/B2 (жуулчин, бизнес) болон F, M, J (оюутан, солилцоо) ангиллын визний хугацаа хэтрүүлэлтийн хувь хэмжээ АНУ-ын дундаж үзүүлэлтээс дээгүүр байгаа нь "эрсдэлтэй" орнуудын тоонд багтахад хүргэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.