Хуульч Э.Буяндэлгэр: Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах нь зөв
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн талаар хуульчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Хуульч Э.Буяндэлгэр:
-Миний хувьд УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах нь зөв гэж үзэж байна. 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 11.1.4-т УИХ-ын гишүүнийг улс төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн нь төрийн албан хаагчийн нэг төрөлд хамаарна. Ёс зүйн асуудлыг өмнө нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулж байсан бол 2023 онд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” бие даан батлагдаж, өнөөдөр мөрдөгдөж байна.
Уг хуулиар төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэдэг. Үүнд, уучлалт гуйлгах, нээлттэй болон хаалттай сануулга өгөх, цаашлаад төрийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах боломжтой. Харин УИХ-ын гишүүний хувьд эдгээр хариуцлагын арга хэмжээ бүрэн хэрэгжих боломжгүй байна.
Учир нь УИХ-ын гишүүн нь сонгогддог албан тушаалтан бөгөөд 2021 онд баталсан УИХ-ын 105 дугаар тогтоолоор “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж байна. Энэхүү дүрэмд УИХ-ын гишүүнд ногдуулах гурван төрлийн хариуцлага тусгагдсан байдаг.
Тухайлбал, сануулга өгөх, уучлалт гуйлгахыг даалгах, зургаан сар хүртэл хугацаагаар цалингийн 20 хувийг бууруулах зэрэг арга хэмжээ авдаг. Харин албан тушаалаас чөлөөлөх, эргүүлэн татах зохицуулалт тусгагдаагүй байгаа юм.
Иймээс бусад төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргавал ажлаас чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээдэг атлаа УИХ-ын гишүүдэд ийм зохицуулалт байхгүй байгаа нь ялгаатай байдал үүсгэж байна гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зөв. Нийгэмд ч ийм хэрэгцээ, шаардлага бий, гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.