Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойд зориулсан “Ардчиллын өглөө” хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Ардын намын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгууллаа.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал арга хэмжээг нээж хэлсэн үгнээс:
“Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн үлдээсэн өв, үйл хэрэг бол Монгол төрийн удирдагчийн эх орон, ард түмнийхээ төлөөх саруул ухаан, энэрэл, хайр юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол илүү үнэ цэнэтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал юм.
Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнтэйг илтгэн харуулсан Монголын нэн шинэ үеийн түүхэн хуудсын нэг юм.
Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш. Ардчилал бол бүх монголчуудын амжилт ололт, монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт эрх чөлөө юм.”

Энэ үеэр мөн Монгол Ардын намын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар нар Ж.Батмөнх агсны ажил, амьдрал, ардчилалд оруулсан хувь нэмрийг дурсан ярьсан юм.

Мөн түүхэн хүмүүний зээ дүү Д.Энхбаатар Ж.Батмөнх агсны зөвлөх, туслахаар нь 17 ажил хамтран ажилласан Р.Батаад хүндэтгэл үзүүлжээ. Р.Батаа нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхтэй хамт ажиллаж байхдаа Монголын 300 гаруй сумаар явж цас зудтай, ган гачигтай үеэр ажиллаж, нам, төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, амжилт ололт гээд бүх цаг үед нь хамт ажиллаж явжээ.
Харин Монгол Ардын намын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ
“Цав цагаан өнгөтэй зүйл энэ хорвоод юу ч байхгүй. Хүн ч байхгүй. Тас хар зүйл ч байхгүй. Хорвоо олон өнгөтэй учраас өнгөрсөн түүх ч олон өнгөтэй. Яагаад түүхээ мэдэх хэрэгтэй вэ гэхээр өнөөдрийгөө ойлгох ёстой.
Өнөөдрийгөө ойлгосны үндсэн дээр ирээдүйгээ цогцлуулах, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх, өмнө нь хуримтлуулсан сайн сайхан зүйл дээрээ цаашид сайхан амьдрах бололцоо нээгддэг гэдгийг залуустаа хэлье” хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн залууст хандаж хэллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.