"Херо" Б.Баатарын өөрийгөө өмөөрсөн удаа дараагийн "МЭДЭГДЭЛ"-үүд

"Херо" Б.Баатарын өөрийгөө өмөөрсөн удаа дараагийн "МЭДЭГДЭЛ"-үүд

"Херо" Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газраас 02-р сарын 26-ны өдөр "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх зүйл ангиар яллагдагчаар татан, шалгах прокурорын тогтоол гарсан байдаг. Уг асуудалтай холбоотойгоор "Херо" Б.Баатар өөрийн цахим хуудаснаа удаа дараа тайлбар, "мэдэгдэл" хийх болжээ.

2026.03.08-нд буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан  эхний "мэдэгдэл"

-Намайг яллах дүгнэлтэд энэ нэвтрүүлэг/С.Зориг агсаны хэрэгтэй холоботой/-ийг тусгаагүй ч, миний хувьд энэ тухай дуугарах нь зүйтэй гэж бодож байна.

Ялангуяа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбон энэ асуудлыг дахин сөхөж ярих хэрэгтэй байх. Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой нэвтрүүлгүүдийн талаар ярихад хүний эрхийн ноцтой асуудлууд хөндөгддөг. Булган гэх эмэгтэй 27 жилийн турш энэ хэрэгтэй холбоотой сэжиг, дарамт дунд амьдарч ирсэн. Харин Чимгээ гэх эмэгтэй хэлмэгдсэн хэрэгт буруутгагдан 9 жилийн турш хоригдож, яллагдагчаар татагдаж байсан. Энэ бол хүний эрх, шударга ёсны маш эмзэг асуудал юм. Хамгийн аймшигтай нь ийм зүйл дахин өөр нэг эмэгтэйд, өөр нэг хүнд тохиолдохгүй гэх баталгаа өнөөдөр ч бүрэн хангагдаагүй хэвээр байна...гэжээ.

Нэвтрүүлгийг сануулбал, өнгөрсөн 2024 оны сонгуулийн өмнө С.Зориг агсны хэргийн талаар нэвтрүүлэг бэлтгэхдээ тус хэргийн ялтан Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ болон С.Зориг агсны гэргий Булган нарыг оролцуулж, "тэднийг хохирсон" гэх агуулгатай нэвтрүүлгийг монгол орон даяар цацаж байсан юм. 

Харин энэ нэвтрүүлгээ "өмөөрч" ийн бичжээ.

Харин өнөөдөр/2026.03.10/ дахин "МЭДЭГДЭЛ" гаргажээ.

-Нийгэмд үүсээд байгаа хардалт, сэрдэлтийг нэг мөр дуусгахын тулд шалгуулна гэдэг бол зөв, тийм ч үүрэгтэй. Гэхдээ шалгуулаад хэрэг зөрчил тогтоогдохгүй бол хүнийг хэлмэгдүүлж, буруутгаж болохгүй. Хууль баримтад тулгуурлах ёстой, таамаглалд биш!

Ер нь өөр санаа бодолтой байна гэдэг нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгмийн суурь нь үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд оршдог.

Жишээ нь, би дараах байр суурьтай байж болно.

•Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нь Монголд зөв гэж үздэг.

•Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэж боддог.

•Үндсэн хуулийг тодорхой нэг хүнд зориулж өөрчилж болохгүй гэж үздэг. •Ерөнхийлөгч хүн албан тушаалаа өгсний дараа шууд намдаа буцаж орж, идэвхтэй улс төр хийх нь зохимжгүй гэж боддог.

Эдгээр нь улс төрийн байр суурь, бодлогын тухай үзэл бодол болохоос гэмт хэрэг биш. Хүн ийм байр суурьтай байна гэдгээрээ ялтан болж болохгүй.

Би улсын төсвөөс 1 төгрөг ч аваагүй, Оюу толгойгоос 1 доллар ч аваагүй. Байшин сав бариулаагүй, дээрэмдээгүй! гэжээ.

Эндээс үзвэл, өөрийг нь шалгаж буй асуудлыг Ерөнхийлөгч рүү чиглүүлж, хардаж байгаа гэдэг нь илт байх ажээ.

Угтаа бол түүний хувьд цахим хуудаст өөрийгөө буруугүй гэх тайлбар, "мэдэгдэл",  хийхийн оронд иргэний үүргээ биелүүлж, Тагнуулын ерөнхий газарт очиж тайлбар өгөх ёстой юм. Гэвч ийнхүү цахим хуудаст, удаа дараа "мэдэгдэл" хийж байгаа нь хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөх гэсэн оролдлого хийж байна уу гэж хардахаар байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.