Монголоос Бутан Улсад хандивласан 300 сарлагийн хөлдөсөн эсээс 2 тугал бойжуулжээ

Монголоос Бутан Улсад хандивласан 300 сарлагийн хөлдөсөн эсээс 2 тугал бойжуулжээ

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куэнга-гийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад 2026 оны гуравдугаар сарын 01-06-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь тус улсад хэрэгжсэн парламентын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлогтой.

321e05254ed04051bad7a93f3ae6d9d9 300x201

Үндэсний Ассамблейн дарга Лунгтэн Доржи бүлгийн дарга Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, дэд дарга Б.Баярбаатар, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэгтэйг онцолсон. Ийнхүү энэ удаагийн хийж буй хариу айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж байна хэмээн тэмдэглэлээ.

196fafbaca5044809ff37be42ab4b03a 300x163

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2026 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхав. Энэ үеэр Бутаны Хаант Улсын ирэх 50 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Цог Жавхлант Хаан дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлалын үеэр монголын ард түмэн элгэмсгээр хүлээн авсныг дурдлаа. Тэрбээр хоёр улсын парламентын түвшний анхны айлчлалыг хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, айлчлалд нь амжилт хүсэв.

924a47fedc084dfb92f3d45999340097 300x164

Хоёр улс нь их гүрний дунд байрладаг далайд гарцгүй, хөгжиж буй орнууд гэдгээрээ ижил төстэй юм. Түүнчлэн ёс заншил, соёл, шашин шүтлэг, нэршлийн хувьд ч нийтлэг талтай олонтойг талууд онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Энэ талаар Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай-д бараалхах үеэр ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг онцлов.

d2797d9b1011405cb3b1f8093ae15676 275x300

Монгол Улсын Их Хурлын гишүүд тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Лионпо Юнтэн Фунтшо-той албан уулзалт хийлээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломжтой гэдэгт талууд санал нийлэв. Энэхүү салбарт манай улс түүхий эдийн хангалттай нөөцтэй тул мах, махан бүтээгдэхүүнийг Бутаны Хаант Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

cc29126b615c4f94ac40c48c751fce82 300x190

Тус улсын хязгаар нутгийн малын удам угсааг сайжруулах зорилгоор манай улс 2024 онд 10 монгол банхар, 300 сарлаг, 400 хонь, 300 адууны хөлдөөсөн эсийг тус улсад хандивласан бөгөөд үүний үр дүнд хоёр сарлагийн төл бойжсон тухай мэдээлэлтэй байна.

Түүнчлэн монголын уламжлалт гар урлалыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд монгол гутал урлаачид Бутаны Хаант Улсад уламжлалт гутал урлах сургалтыг үе шаттай зохион байгуулсан талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

627753419 1242921071268171 5585773159227272953 n 300x131

Айлчлалын хүрээнд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн цөөнхийн төлөөлөл буюу Бутан Тэндрел намын удирдагч Пема Чеванг-тай албан уулзалт хийж, тус улсын хууль тогтоох дээд байгууллагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, талууд парламентын сонгуулийн тогтолцоо болон туршлагын талаар санал солилцсон.

Хоёр талын парламентын бүлгийн уулзалтаар Монгол, Бутан улс хоорондын газарзүйн алслагдмал байдал, визийн нөхцөлөөс шалтгаалан хоёр улсын иргэд харилцан зорчиход тодорхой хүндрэл гарч буйг дурдав. Иймд хоёр улсын ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд хүргэх чиглэлээр талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2025 оны наймдугаар сард Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан юм. Хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны харилцаатай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.