Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Та бүхний үзэг хурц, үг мэргэн, үйлс ариун байхыг хүсэн ерөөе!
Өдгөөгөөс 113 жилийн өмнө буюу 1913 оны 3 дугаар сарын 6-нд Шинэ толь хэмээх бичиг сонин анхны дугаараа хэвлэн гаргасан нь Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсэх эхлэл болсон түүхэн үйл явдал хэмээн үздэг. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахад Та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг онцлон тэмдэглэе.
Та бүхэн ажил, мэргэжлийнхээ нэр хүнд, үнэ цэн, ёс зүйг эрхэмлэж, үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, үндэсний эрх ашгаа ямагт дээдэлж, ард түмнийхээ эв нэгдлийг хангах, аливаа хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхний үзэг хурц, үг мэргэн, үйлс ариун байхыг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.