“Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж буй “МҮХАҮТ-ын нээлттэй өдрүүд” 7 хоногийн арга хэмжээний эхний өдөр “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувийн өсөлттэй гарч, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд хөдөө аж ахуй 33.2 хувь, уул уурхай 10.6 хувь, боловсруулах үйлдвэрлэл 12 хувиар өссөн байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийсэн нийт экспорт 92.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд хэлэлцээр бүрэн хэрэгжсэнээр Евразийн зах зээлд чиглэсэн экспорт 24.2 хувиар өсөх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд үүсэх тарифын хөнгөлөлтийн боломж, гарал үүслийн дүрмийн шаардлага, барааны ангиллын зөв хэрэглээ, хөнгөлөлтийн ерөнхий системийн нөхцөл, экспортын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой асуудлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, логистикийн зардал нь зах зээлд нэвтрэхэд нөлөөлж буй нөхцөл байдлыг мөн хөндлөө. Түүнчлэн гадаад худалдаанд нөлөөлж буй хориг арга хэмжээ, тарифын өөрчлөлтөөс шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал, түүний гэрээний хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийн талаар анхаарал хандуулж, холбогдох зохицуулалтын талаарх мэдээлэл солилцов.

Үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудал”, “Хариуцлагатай бизнес” сэдвийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.