Ерөнхий боловсролын сургуулийн 500 багш хиймэл оюуны сургалтад хамрагдаж эхэллээ
2025 онд аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 450 багш, 50 инженерийг хиймэл оюуны мэдлэг, хэрэглээнд чадавхжуулсан. Тэгвэл энэ жил хоёр дахь жилдээ Голомт банкны дэмжлэгтэйгээр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын AI Skills Coalition-ны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 500 багшийг хамруулж эхэллээ.Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан жил бүр 10,000 хүүхэд, сурагчдад хиймэл оюуны мэдлэгийг түгээх үр нөлөөтэй.
Энэхүү хөтөлбөрт шалгарсан 500 багш нийт 3 сарын хугацаанд хиймэл оюуны сургалтад хамрагдаж, өөрийн сурсан мэдлэгээ сум орон нутгийн сурагчдад заах юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад нийт 3998 багш нар материалаа илгээсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Беате Дастел, хөтөлбөрийг санаачлагч, AI Academy Asia гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, Боловсролын яамны Цахим боловсрол статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр багш нар анхны хичээлээ Бостоны их сургуулийн доктор, Стэнфордын их сургуулийн постдоктор Б.Ундрал багшаар заалгалаа.
Энэ жилийн хөтөлбөрийн нэг онцлог нь Голомт банкнаас хувийн санхүүгийн удирдлагын багц хичээл багш нарт заах бөгөөд Голомт банкны Эдийн засгийн судалгааны хэлтсийн Эдийн засгийн шинжээч Б.Анунжин эхний хичээл орсон юм.
Өнгөрсөн 2025 онд хөтөлбөрт хамрагдсан 500 багш нар өөрийн багшилдаг сургууль, сум, орон нутагтаа 10,000, сурагчдад хиймэл оюуны хичээл зааж, бодит үр дүнд хүрсэн байна.“Үндэсний Хиймэл Оюуны Аян”-ы гол зорилго нь багш, сурагчдын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв болон хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэн, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд чиглэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.