Эдийн засагч Н.Энхбаяр: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханш огцом савлахгүй!

Эдийн засагч Н.Энхбаяр: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханш огцом савлахгүй!
Олон улсад үүний дотор Ойрх Дорнодод өрнөж байгаа үйл явдлаас хамаарч газрын тосны үнэ ханш өсөж магадгүй гэх таамаглал цахим хуудаст хөвөрч байна. Тэгвэл уг асуудалд эдийн засагч Н.Энхбаяр тайлбар хийжээ.
Өнөөдөр зарим нэг хүмүүсийн энэ талаар бичсэн мэдээ, мэдээллийг харлаа. Арай хэт хөөрөгдсөн таамаглал зонхилж байна.
Нэг. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханш огцом савлахгүй.
Учир нь:
- АНУ болон Өрнөдийн орнуудын зүгээс өөрийн эдийн засгийг савалгаанаас хамгаалах, мөн ОХУ-ын газрын тосны экспортын орлогыг багасгах бодлогыг баримталж байгаа,
- Өнөөдөр ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нар хуралдаж газрын тосны гарцыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөнө. Геополитикийн эрсдэлийн улмаас буурч болзошгүй газрын тосны нийлүүлэлтийг нөхөх хэмжээнд олборлолтыг нэмэгдүүлэх магадлал өндөр байна.
Хоёр. Монгол Улсад газрын тосны үнийн өөрчлөлт үзүүлэх нөлөө
- Ковидоос өмнө, Орос -Украины дайнаас өмнө ийм нөлөө арай их байсан байж магадагүй.
- Өрнөдийн орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч тус улсын газрын тосыг Европын улс орнууд импортлохоос татгалзсан, ОХУ-ны газрын тосыг тээвэрлэж буй далайн хөлөг онгоцнуудыг хоригт оруулж, хөдөлгөөнийг хязгаарласан,
- Брент болон WTI-аас өөр үнээр тогтоогддог ОХУ-ын Уралс төрлийн газрын тосны арилжаа өнөөдөр олон улсын биржээр арилжаалагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй,
-ОХУ-аас газрын тос худалдан авч буй улс орнуудын тоо цөөрч, экспорт нь ихээхэн буурсан,
- Энэ бүхний улмаас Уралс төрлийн газрын тосны үнэ ханш огцом өсөх, өсөх магадлал багатай,
- Монгол Улсын хувьд газрын түүхий тос импортоор авдаггүй, жилдээ $3,0 тэрбум орчим ам доллараар, 2.0 сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Эрхүү мужийн Ангарскийн НБҮ-ээс худалдан авдаг,
- Монгол Улс -ОХУ-ын Засгийн газрын хооронд газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Гурав. Энэ бүхнээс дүгнэж үзвэл Ойрх Дорнодод болж буй үйл явцаас хамаарч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханш 10-15 хувиар савлаж болзошгүй хэдий ч Монгол Улсад үзүүлэх шууд нөлөө үгүй.
ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учирч байгаа бэрхшээлүүд, Ангарскийн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эвдрэл гэмтэл гарах, урсгал ба их засвар хийх, тус үйлдвэр санхүү төлбөрийн чадварын хувьд муудах зэрэг нь л манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ханшид голлох нөлөө үзүүлэх магадлалтай болно.
Иймээс ойрын үед, ирэх саруудад бензин шатахууны өснө гэсэн айдас, болгоомжлолд автах шаардлагагүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.