Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр: Манайх "Хос мөнгөн зам" компаниас 5,8 тэрбум төгрөг аваад, буцаагаад төлж байсан нь үнэн
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр нарын хүмүүс БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг "Нууц материалууд" гэх нэвтрүүлгээр цацсан. Улмаар тус компанийн мөнгийг завшсан “Хос мөнгөн зам” компаниас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын компанид 6.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх баримт дэлгэгдэдэ байгаа юм. Харин дээрх асуудалтай холбоотойгоор Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаяр тодруулга өгчээ.
- Танай ах Э.Бат-Амгалан сайдаас тодруулахад хэвлэл мэдээллээр гараад буй зүйлийг няцааж, тантай өөртэй чинь уулзаад мэдээллээ ав гэсэн. Та Шинжиан Шинфа гэдэг компанийг мэдэх үү? Тус компанийг залилахад таныг хамтарсан гэх мэдээлэл байна?
-Төрийн банкнаас 4 машин дүүрэн 20 тэрбум төгрөг бэлнээр гарч алга болгосон ч билүү, авилгалд очсон ч гэлүү нэг хэргийн дуулиант эзэн Шинжиан Шинфа, түүний эзэн Хятад хүн гэж байдаг талаар хэвлэлээр шуугиж байснаас өөр энэ компанийн талаар мэдэх юм алга байна.
- Та Хос мөнгөн зам гэдэг компанийг мэдэх үү. Ямар холбоотой вэ?
- Миний хамаарал бүхий компанийн нэг харилцагч байсан компани. Тэрийг бол мэднэ ээ. Миний амьдаа ах байдаг. Тэр хүнийг би сайн танина. Харин сүүлд хэвлэлээр янз бүрийн зүйл яригдаж эхлэхээр нь бүртгэлийн нээлттэй мэдээллээр орж харсан. Эцсийн эзэмшигч нь Рагчаахүү гэдэг хүн гарч ирж байна лээ. Тэгэхээр Шинжиан Шинфа ч бил үү тэр хятад хүмүүсийн асуудлыг тухайн компани, эзэдтэй нь ярих ёстой байх. Ер нь компанийн улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байдаг. Түүгээр ороод мэдээлэл гаргахаасаа өмнө сэтгүүлч нар нэг шалгачихад буруудах зүйл байхгүй. Тэгэхгүйгээр түүхий, худлаа мэдээллээ нягталж шалгалгүй, хүний амнаас сонсоод л, хамааралгүй бусад этгээдэд хамаатуулаад олон нийтэд тараагаад байж болохгүй шүү дээ.
- Тэгвэл тэр Хос мөнгөн зам гэдэг компаниас танай компани руу 6,8 тэрбум төгрөг шилжсэн гэдэг баримт байна?
- Манай харилцагч байсан.Бид тодорхой санхүүгийн харилцаанд орж байсан нь үнэн. Тус компаниас 2021.08.03-ны өдрөөс 2021.09.03-ны хооронд 4 удаагийн гүйлгээгээр 5.8 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тус компаниас авсан мөнгийг бид 2021.12.30-аас 2024.04.04-ний өдөр хүртэл бүрэн төлж дуусгаад, хоёр компанийн хооронд санхүүгийн тооцоо нийлээд, тооцоо дууссан тухай акт үйлдэж, баталгаажуулсан байдаг.
Гэтэл тамга тэмдэг байхгүй, банкнаас бэлнээр авсан зарлагын баримтын зураг тавиад бидэнд бодитоор шилжүүлсэн, 6.8 тэрбум төгрөг авсан мэтээр олон нийтийн сүлжээнд бодит баримтгүй, эх үүсвэр нь ч тодорхойгүй худал мэдээлэл тавигдаад байгаа нь харамсалтай байна.
Их хэмжээний мөнгө авсан, залилсан, хохироосон мэт гарч байгаа нь худлаа. Тэр цацаад байгаа нэвтрүүлэгт гарч буй мэдээллээс харахад Хос мөнгөн зам ч нэлээд их мөнгөний эргэлттэй, олон харилцагчтай компани шиг байна лээ.
Бид санхүүжилт авсан нь үнэн, бүрэн буцааж төлөөд тооцоо нийлсэн актаар хоёр тал баталгаажуулсан баримт үүнийг нотлох анхан шатны бүх баримт нь байгаа. Одоо ямар ч тооцоо байхгүй.
- Баримтыг нь авч болох уу. Олон нийтэд тарааж болох уу?
- Баримтыг авч болно оо. Уул нь хоёр компани санхүүгийн асуудал иймэрхүү харилцаа бизнест байдаг л зүйл шүү дээ. Яг ямар учраас олон нийтэд тараах шаардлагатай байгааг ойлгосонгүй. Бодит үнэн баримт үнэхээр олон нийтэд хэрэгтэй бол үзүүлж харуулахад татгалзаад байх зүйл байхгүй ээ.- Та энэ асуудлаар нөгөө талын хүнтэйгээ уулзсан уу?
-Нөгөө тал гэж хэн билээ. Тэр залилуусан гэх хятад хүнийг би танихгүй. Амьдралдаа хараагүй. М-Ойлын Батбаяр захирлыг асууж байгаа бол утсаар ярьж юу болоод байгааг тодруулсан. "Хос мөнгөн замтай санхүүгийн харилцаанд орсон тэр үед Пунсалмаа маань гишүүн ч болоогүй байсан. Яг юу болоод байгааг мэдэхгүй байна. Та бүхэн рүү дайрч байгаад санаа зовоод юу хэлэхээ сайн мэдэхгүй л байна" гэж байсан.
- Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх бол?
- Энэ талаар тэр яригдаад байгаа компаниудын эцсийн өмчлөгчдөөс нь асуух хэрэгтэй байх. Сошиалаар ингэж сэвээд асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой. Монгол Улс хуультай газар, иргэн, захиргаа гээд тус тусад нь авч үзэж, шийдвэр гаргадаг төрийн байгууллагууд байдаг.
Харин ч хоёр бизнесийн харилцагчийн 5.8 тэрбум төгрөгийн авсан, буцаан төлсөн харилцааг хаа хамаагүй хэн нэгэн этгээдийг маш их хэмжээний мөнгөн дүнгээр хохироосон хэрэгт хамаатуулж, худал мэдээллээ үнэн мэт олон давтамжтай олон нийтэд цацаж, манай компанийн нэр төрд халдаж байгаа учраас бид энэ асуудлыг холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно, гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.