Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байна.
2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болох эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд нягтлах шаардлага байгаа юм.
Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, гадаад валютын нөөц анх удаа 7 тэрбумыг давсан, нүүрсний экспорт түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, Үндсэн хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх”зарчмыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байгаа. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэлээ.
Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг дурдлаа.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа солилцлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.