Монгол цэргүүдэд элгэмсүү Энэтхэг генералыг онцлохуй

Монгол цэргүүдэд элгэмсүү Энэтхэг генералыг онцлохуй
НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманианыг НҮБ-ын цахим хуудаст онцолжээ.
Онцлохын учир нь тэрээр UNMISS ажиллагааны хүчний командлагчаар ажиллах үүрэгт хугацаа дуусгавар болж, нутаг буцаж буй тул 162 мянган хүний амь насыг аврахад тусалж, зэвсэгт бослого, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн аюулгүй байдал болон хүмүүнлэгийн олон ажилд нь НҮБ-аас талархал дэвшүүлж.
Монгол цэргүүд энэ эрхмийг андахгүй. Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон энэ эрхмийн харьяанд байдаг тул “Энэтхэг генерал” гээд сүрхий танина, өөриймсөг дотночилно.
Тэр өөрөө ч “Монгол цэргүүддээ үнэхээр хайртай. “UNMISS” ажиллагааны хамгийн баатарлаг бөгөөд хүмүүнлэг залуус” гэж ярилцлага өгнө. НҮБ-ын ажиллагаанд ганцхан монгол цэрэг байгаа мэт л бахархал, омогшлоо тэгж илэрхийлдэг генерал.
Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчид өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр ажиллагааны туршид олон сорилтууд тулгарч байгаа ч энхийг сахиулагчид үгүй бол Өмнөд Суданд байдал улам дордоно.
Энэ дэлхийн хамгийн залуу орон болох БНӨСУ-ын ард иргэдийн амьдрах, амьд явах хувь заяанд Монгол цэргүүдийн оруулж хувь нэмэр хэмжээлшгүй” хэмээн өгүүлсэн байлаа.
Хошууч генерал Б.Эрдэнэбатыг НҮБ-ын UNFICYP энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчийн үүрэгт ажлаа өгөхөд нь түүний харьяанд байсан дэлхийн орны энхийг сахиулагчид талархсаар үлдсэн шиг Монголын энхийг сахиулагчид ч Энэтхэг генерал танд баярласнаа илэрхийлье!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.