“Менторшип-2026” хөтөлбөр эхэллээ

“Менторшип-2026” хөтөлбөр эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй “Менторшип-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Төрөлжсөн архивын хурлын танхимд боллоо. Тус хөтөлбөр нь байгууллагын дотоод хүний нөөцийг хөгжүүлэх, туршлагатай ажилтнуудын мэдлэг, ур чадварыг залуу боловсон хүчинд системтэйгээр өвлүүлэх, ментор–ментийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Нээлтийн үеэр хөтөлбөрийн зорилго, бүтэц, хугацаа, оролцогчдын үүрэг хариуцлагыг танилцуулж, ментор, менти нарын албан ёсны хослолыг баталгаажууллаа. Үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээж үг хэлэхдээ, Менторшип хөтөлбөрийн ач холбогдол, байгууллагын хүний хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар онцлон тэмдэглэв. Үүний дараа хөтөлбөрт оролцох ментор, менти нарын танилцуулга хийгдэж, батламж гардуулах ёслол болов.  TGS1795   Энэ үеэр Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга, ментор Б.Мөнхцэцэг: “Эрдэнэт үйлдвэрт багш–шавийн уламжлал 1981 оноос эхтэй. 2020 оноос хойш хүний нөөцийн цогц хөтөлбөрүүд өргөжин хэрэгжиж, Менторшип хөтөлбөр ахисан түвшинд хүрч байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн мэргэжлийн ур чадвараар хязгаарлагдахгүй, ментигийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Ментор, менти хоёр харилцан бие биеэсээ суралцдаг нь хамгийн том давуу тал юм” хэмээн онцоллоо. Мөн Хүний нөөц, захиргааны хэлтсийн зааварлагч, арга зүйч Б.Биндэрьяа: “Менторшип хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил 14 удаагийн сургалт зохион байгуулж, төлөвлөсөн ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн. Матрицын үнэлгээгээр ур чадварын өсөлтөө бодитоор хэмжсэн нь онцлог байлаа. Энэ жил өмнөх туршлагадаа тулгуурлан илүү нарийвчилсан, технологийн дэвшил шингэсэн зорилт тавьж байна” гэв. Үйл ажиллагааны төгсгөлд ментор–менти нар хамтран дурсгалын зураг авхуулж, “Менторшип-2026” хөтөлбөрийн албан ёсны эхлэл тавигдлаа. Тус хөтөлбөр нь байгууллагын дотоод мэдлэгийн залгамж чанарыг хангаж, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

 TGS1789 TGS1820 TGS1811 TGS1793 TGS1839 TGS1836 TGS1844

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.