Музейг олон улсын стандартад нийцүүлэх арга зүйн сургалт боллоо

Музейг олон улсын стандартад нийцүүлэх арга зүйн сургалт боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын цахим музей Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санд үзмэр, эд өлгийн зүйлсээ бүртгүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн музейнүүд, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Музейн үйл ажиллагааны арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь орон нутгийн музейнүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, арга зүйн нэгдмэл бодлогыг түгээх зорилгоор сүүлийн таван жилийн хугацаанд мэргэжил арга зүйн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд 2026 оны анхны сургалт Орхон аймагт ийнхүү болов. Сургалтад Эрдэнэт үйлдвэрийн музей болон Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хамрагдаж, музейн олон улсын стандарт, дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан музейг ашиглах боломж, боловсролын салбартай уялдуулан сургалтын хэрэглэгдэхүүн болгох, үзмэрийн бүртгэлийн нэгдсэн систем, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах, хадгалалт хамгаалалтын горим баримтлах зэрэг практик мэдлэг, арга зүйг эзэмшлээ. Мөн музейг үзэгчийн нүдээр байнга “амьд”, шинэ байх нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулах, арга зүйг маркетингийн бодлоготой хэрхэн уялдуулах, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллахдаа анхаарах асуудал, ложистикийн хүндрэл бэрхшээлийг бууруулах шийдлүүдийг хэлэлцсэн нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн музей нь бүрэн дижитал, сүүлийн үеийн технологид суурилсан байдлаараа орон нутагт анхных бөгөөд музей судлалын онолоор оригинал үзмэр, дижитал технологийн харьцаа 70:30 байх ёстойг цаашид шат дараатай хангах боломжтойг Чингис хаан Үндэсний музейн Ерөнхий менежер, Ph.D Д.Эрдмаа онцоллоо. Тэрбээр “Музейг стандартад нийцүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг олгох сургалтын бааз болох бүрэн боломжтой” хэмээн онцлов. Эрдэнэт үйлдвэрийн музей 2026 онд албан ёсны үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ авах зорилт тавин ажиллаж байна.

DSC04617DSC04625DSC04623DSC04636

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.