Б.Батбаатар: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна
[su_quote]Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ирэх 08-р сард манай улсд зохиогдох СОР-17-ийн зохион байгуулалтын талаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцолж хүргэе.[/su_quote]
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар:
-Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил аль хэдийн эхэлж, дэд бүтэц, менежмент, олон улсын уялдаа холбоог хангахаар ажиллаж байна. Бодлогын болон зохион байгуулалтын суурь ажил хийгдэж, олон улсын хамтын ажиллагаа болон байгууллага хоорондын төлөвлөгөөнүүд боловсруулж байна.
Олон улсын хэмжээний хурлыг зохион байгуулахад их хэмжээний санхүү, дэд бүтэц, логистикийн зардал шаардлагатай байдаг. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд дипломат байгууллагууд, гадаад төлөөлөгчид, олон улсын байгууллагуудтай уялдаа холбоо өндөр түвшинд байх шаардлагатай. Ийм зорилгоор зөвлөлдөх, хамтран бэлтгэх уулзалтууд явагдаж байгаа ч олон бэрхшээлтэй нүүр тулахаас эхлээд бэлтгэл ажлын ачаалал асар их байна. Ийм хэмжээний арга хэмжээ эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэж хүлээж байгаа ч хурлын зардал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй, ойлгуулахаас эхлээд хүндрэл тулгарч болох юм. Талуудын 17 дугаар бага хурал (COP17) газрын доройтол, цөлжилт, ган гачиг зэрэг дэлхийн түвшний асуудлыг хэлэлцэх тул Монгол Улсын үндэсний бодлого, газар ашиглалтын практиктай уялдуулах шаардлага бий.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсгийг Талуудын 17 дугаар бага хурлын талбай болгосон. Барилга, дэд бүтцийн ажил хожимдож байна. Өнгөрсөн оны төсөвт мөнгө төлөвлөсөн ч барилгын тендер зарлагдаагүй, эхлээгүй тул үйл ажиллагаа энэ жил хүртэл хойшилж, бэлтгэл ажил бага зэрэг ухарсан.
-COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд ямар бодит боломж, үр өгөөж авчирна гэж та харж байна вэ?
-Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөнө.
Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэх юм.
Өмнөх хурлуудын туршлагаас харахад ийм хэмжээний хурал гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм билээ. Жишээ нь, 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8,000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна. 2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалтыг татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байна. Монголын хувьд COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой гэж үзэж байна. -Дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлах, олон улсын нэр хүндийг өсгөхөд COP17 ямар ач холбогдолтой вэ?-Үнэндээ энэ бол зөвхөн нэр хүндийн асуудал биш юм. Бид үүнийг зөв өнцгөөс харж, зөв хандах учиртай. Нэг удаа арав гаруй хоног олон орны зочин, төлөөлөгч, жуулчин ирж, асуудал хэлэлцэх нь нэг хэрэг. Үүний цаана богино, урт хугацааны төслүүд хэрэгжүүлэх, гол чиглэл нь өөрсдийн амьдрах орчноо сайжруулах, илүү сайн сайхан болгох суурь, эхлэлээ батлуулах боломж нээгдэж байгаа юм.
- Монгол Улс COP17-оос ямар бодит үр дүн, урт хугацааны ашиг хүртэх ёстой гэж та үзэж байна вэ?COP бол өмнө нь 16 удаа болсон, бүх ажил, зохион байгуулалт нь тогтсон тодорхой стандарттай чуулган. Харин энэ хурлыг эх орондоо зохион байгуулж буй боломжоо хэрхэн ашиглах вэ гэдэг биднээс шалтгаална.
[su_quote]-Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна.[/su_quote]
Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан. Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байдаг. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар "Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар ажиллаж байна.
Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь чухал юм. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих боломж ч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.