С.Мөнхчулуун: Тэмээний баяр үзэх хүмүүс Улаанбаатараас өглөө гараад, орой буцах болможтой
[su_quote]Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээний баяр энэ сарын 24,25-ны өдрүүдэд болно. Гэвч Дундговь аймаг жуулчид хүлээж авах зочид буудлын хүртээмж багатай аж. Уг асуудлаар Дундговь аймгий засаг дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.[/su_quote]
Дундговь аймагт зохион байгуулагдах тэмээний баярын үеэр зочид буудал, хангамжийн хувьд хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай байна вэ?
-Дундговь аймгийн хувьд зун болон намрын улиралд гэр буудал, кэмп, малчин кэмп зэрэг жуулчны зориулалттай олон газар тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин өвлийн улиралд аймгийн төв болох Сайнцагаан суманд өнөөдрийн байдлаар 230 орчим орны багтаамжтай зочид буудал, дэн буудлын боломж бүрдсэн байна.
Эдгээр ор нь гаднаас ирэх зочид, төлөөлөгчид болон үзэгчдийг хүлээн авахад зориулагдсан бөгөөд арга хэмжээнд оролцох ажлын хэсгүүдийг дотуур байр зэрэг бусад тохиромжтой байршлуудад байрлуулахаар зохион байгуулалт хийсэн.
Улаанбаатар хот болон Дундговь аймгийн хооронд 270 км автозам бий. 2025 онд тус чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэн засварлаж, хөдөлгөөнд оролцох таатай нөхцөл бүрдүүлсэн тул нийслэлээс өглөө хөдөлсөн иргэд тухайн өдөртөө арга хэмжээнд оролцоод оройдоо буцан ирэх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хүүхдийн амралт дуусах дөхөж буйтай холбогдуулан, мөн уг арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй улсын хэмжээний өвлийн наадам гэдгээрээ онцлог юм.
Тэмээний баярын хүрээнд 10 аймгаас тэмээчид оролцож, тэмээний уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Түүнчлэн дотоод, гадаадын олон байгууллага өглөө ирж сонирхон үзээд орой буцах маршрутыг судалж буй талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймагт: Улсын өвлийн их наадам,Тэмээчдийн тавдугаар зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах тул иргэд, аялагч, үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.