УИХ-ын дарга Н.Учрал: Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!
-Нэгдсэн чуулган 36, байнгын хороо 111 удаа, Дэд хороо 10 удаа, Хянан шалгах түр хороо 13 удаа хуралдлаа.
[su_quote]Эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталлаа. [/su_quote]
Их гүрнүүдийн геополитик, энерги, эрчим хүчний эх үүсвэр, худалдаа, технологийн зөрчил мөргөлдөөн хурцадмал нөхцөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлах нь Та бидний батлах хууль, барих бодлого, гаргах шийдэл болсон байна.
Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл шийдэх эрхтэй боллоо.
Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо.
Улсын Их Хурлын соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол “Зүрх судасны үндэсний төв”-ийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм. Монгол хүний элэг бүтэн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус зээл зориулагдана.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шинэ сургууль, 9 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголдоо суралцана.
Эрхэм гишүүд ээ,
Энэ намрын чуулганаар бид “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа.
Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг боллоо.
“Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа.
Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа.
Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ.
“Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын болон бусад хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн хамт өргөн барилаа.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай.
Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ.
Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсад анх удаа робот мэс засал хийж хүний амь аварсан шиг технологийн дэвшлийг хүчин төгөлдөр 378 хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад ашиглана.
2025 оны 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарсан нь Монголбанкны 4–8 хувийн зорилтот интервалаас давсан бөгөөд инфляцын дарамт өргөн хүрээнд тэлэхийн хэрээр зээлийн өндөр өсөлт болон 2026 оны цалин, тэтгэврийн бодлогын нөлөө нь эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэл дагуулж, өрхийн бодит орлого буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа тул эдийн засаг, инфляцын нарийн тэнцвэртэй бодлого шаардлагатай байна.
Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталж, чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо.
Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Алдаа, оноо сургамж бүхэнд соргог байж, иргэд сонгогчдынхоо итгэл, найдварыг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч байж, шийдвэр гаргахын чухлыг энэ танхимд суугаа нөхдөдөө дахин сануулъя.
Миний бие Улсын Их Хурлын даргын албанд томилогдоод, сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үг уриагаар бус өдөр тутмын үйл ажиллагаагаар олон түмэнд ил тод байлгахын тулд ирц, явцыг өдөр бүр нээлттэй мэдээлж эхэлсэн, дамжуулж эхэлсэн. Улсын Их Хурлын гишүүд хурал, чуулганаа таслахгүй оролцохоос үндсэн үүргээ биелүүлэх эсэхийг хэмжих эхний шалгуур.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол иргэнээсээ давуу, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт шалгуулахгүй байх тусгай давуу эрх биш билээ.
Ард түмний 126 дарга биш ард түмний 126 элч төлөөлөгчид бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй.
Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хэн нэг эрх мэдэлтэн олгодог зөвшөөрөл, бэлэг биш. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, нандигнан бататгадаг эрхэм нандин үнэт зүйл.
Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе.
Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай.
Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.
2025.12.31
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.