128 менежерийг чөлөөлж оронд нь 16 дэд сайд томилохоор болжээ

128 менежерийг чөлөөлж оронд нь 16 дэд сайд томилохоор болжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "бүтээмжийн менежер", "хяналтын менежер" гэх албан тушаалыг шинээр бий болгож, төрийн өмчит компаниудад нийтдээ 128 менежерийг томилсон байдаг.

Нэг ёсондоо Засгийн газарт хамтарсан АН, ХҮН намынхан болон албан тушаалгүй үлдсэн МАН-ын зарим нөхдөд зориулсан албан тушаал байсан юм. Тэгвэл өнөөдрөөс дээрх 128 менежерийг ажлаас бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гарчээ.

Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Харин тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна.

Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна.

Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна.

Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.