ГЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилжээ

ГЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Харин түүний оронд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилсон тухай мэдэгдсэн юм.
Гаалийн ерөнхий газрын дарга асан Бригадын Генерал Р.Отгонжаргал шинээр томилогдсон даргад тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ.
Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Энхтайван нь 2001 онд Гаалийн байгууллагын анхан шатны нэгжид шалгагчийн албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж, Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, гаалийн газрын даргаас шат ахин дэвшиж, удирдах төв байгууллагын хэлтэс, газрын байцаагч, ахлах байцаагч, дарга, мөн ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж энэ салбарт тасралтгүй хорь гаруй жил ажиллаж иржээ.
Тэрээр Дэлхийн гаалийн байгууллагын магистрын хөтөлбөрт олон улсын гаалийн албан хаагчидтай өрсөлдөн амжилттай суралцаж, мэргэшлийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд дээшлүүлсэн нь Монгол Улсын гаалийн байгууллагын хүний нөөцийн бодлогын үнэ цэнийг илтгэсэн давуу тал болж байна.
ГЕГ-ын даргын уг томилгоо нь гаалийн байгууллагын хөгжил, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэхээс гадна төрийн албанд мерит зарчим бодитоор хэрэгжиж буйг харуулсан чухал бөгөөд үлгэр жишээ үйл явдал боллоо.
Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Гаалийн итгэмжит зөвлөх Эрхэм хүндэт Г.Энхтайван танд цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.