Монгол судлалын салбарт 40 орчим жил тууштай ажилласан монголч эрдэмтэн, Доктор Клаус Коппе тэнгэрийн орноо зорьжээ

Монгол судлалын салбарт 40 орчим жил тууштай ажилласан монголч эрдэмтэн, Доктор Клаус Коппе тэнгэрийн орноо зорьжээ
ЭМГЭНЭЛ / KONDOLENZ
Доктор Клаус Коппе (1956–2025) / Dr. Klaus Koppe (1956–2025)
-Монгол судлалын салбарт 40 орчим жил тууштай суралцан ажиллаж, Монгол судлалыг олон улсад хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, монголч эрдэмтэн доктор Клаус Коппе 11 дүгээр сарын 27-нд насан өөд болсонд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчдэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ойрхон хугацаанд багш, шавь байсан Германы нэртэй хоёр монголч эрдэмтэн насан өөд болсонд монголчууд, монголын анд германчууд гүн эмгэнэж байна.
Доктор Клаус Коппе нь 1956 оны 2 дугаар сарын 6-нд Саксони-Анхальт муж улсын Виттенбэрг хотод мэндэлсэн бөгөөд төрсөн хотдоо ертөнцийн мөнх бусыг олов.
[su_quote]Тэрээр Берлин дэх Хумбольдтын Их сургуульд Монгол судлал, түүхийн шинжлэх ухаан чиглэлээр 1976-1979 онд суралцаж, улмаар 1979-181 онд Монгол Улсын Их сургуульд суралцан монгол хэлийг төгс эзэмшиж, Монгол судлаач болсон юм. 1982 онд К.Коппе түүхийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалж, ажил амьдралынхаа 40 гаруй жилийг Монгол судлалд зориулсан эрдэмтэн байлаа.[/su_quote]
Тэрээр 1981-1998 онуудад Хумбольдтын Их сургууль, Боннын Их сургуульд эрдэм шинжилгээ, судалгаа хийж, эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаад 1999-2022 онуудад Лайпцигийн Их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, монгол хэл, бичиг, түүхийн багш, доцентоор ажиллаж байв. 2022 онд гавъяаны чөлөөндөө гарсан ба үүний дараа өнөөг хүртэл зочин багшаар ажиллаж байв.
Монгол судлалын анхдагч хот Лайпцигт Монгол судлалын уламжлалыг хадгалан өнөөг хүргэн түүчээлэхэд Клаус Коппегийн оруулсан хүчин зүтгэлийг олон улсын монгол судлалд өндөр үнэлдэг билээ.
[su_quote]Эрдэмтэн К.Коппе нь Монгол туульс, түүний дотор баруун монгол туульс чиглэлээр олон жил судалгаа явууж, мөн герман хэлэнд орчуулж, эрдэмтэн шинжилгээний жинтэй ном, бүтээлүүдийг туурвисан ба орчин цагийн герман-монгол толь бичиг гаргахад мөн хамтран оролцсон нэгэн байв. Сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд тэрээр мөн албан ёсны орчуулагчаар ажиллаж байв.[/su_quote]
Монгол судлалын нэртэй эрдэмтэн, багш, доктор Клаус Коппегийн элгэмсэг нөхөрсөг зан, хүмүүнлэг сайхан сэтгэлийг бид гүн хүндэтгэлтэй дурсан санах болно. Түүний үлдээсэн оюуны, эрдмийн бүтээлүүд Монгол судлалын салбарт үнэт эрдэнэс болж үлдэх нь дамжиггүй.
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа
Элчин сайдын яам
Берлин хот, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.