Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эргүүлэн авлаа
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдлаа.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцлоо.

viber_image_2025-12-08_22-12-59-354.jpg
Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн шийдэгджээ. Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдворууд багтаж байна.

DSC_0092.JPG

DSC_0089.JPG
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ Монгол Улсын хууль ёсны эрхийг хамгаалж, олдворыг эх оронд нь буцаах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хоёр талын байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлээд, соёлын үнэт зүйлийн хулгайн мөр, хууль бус худалдааны шунал дэлхийн ямар ч ард түмэн, аль ч газрын үнэ цэнэт байдлыг дордуулж, ядууруулах ёсгүйг онцлон тэмдэглэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр нөлөөтэй хүчин чармайлт гарган ажиллахыг оролцогч талуудад уриалж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бүх талын оролцоог хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

IMG_0599.JPG

DSC_0113.JPG

DSC_0134.JPG

DSC_0181.JPG

DSC_0142.JPG
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.