Баримт хураангуй: Эрх мэдлийн хуваарилалт цэгцэрч, эрх баригчдын зодоон дуусч буй долоо хоног
МАН-ын Бага хурлаас хойш буюу сар хагасын хугацаанд үргэлжилсэн эрх баригч намын эрх мэдлийн төлөөх тулаанаас үүдсэн улс төрийн хямрал энэ долоо хоногоор дуусгавар болж, эмх цэгцэндээ орох гэж байна.
Өнгөрч байгаа 7 хоногт эрх мэдлийн төлөө барьцаалагдан, гацах эрсдэлд ороод байсан 2026 оны төсвөө баталж, эрх мэдлийн хуваарилалтуудаа хийсэн учир эх адаггүй мэт тэмцэл дуусах шатандаа орж байна гэж дүгнэж болохоор байна.
Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал яригдаж эхэлснээс үүдэн МАН-ын 30 хүнтэй бүлгийнхэн төсвөөр барьцаалах оролдлого хийж байсан ч 38 буюу олонхийн бүлэг сөрөг хүчин АН-тай хавсарч төсвөө амжилттай батлуулж чадлаа.
Ингэснээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлж, түүний оронд МАН-ын бүлгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийг томиллоо. Ж.Бат-Эрдэнэ бүлгийн эвлэрэлд багагүй хувь нэмэр оруулсан тул эрх мэдэл ахиж байгаа нь энэ.
Харин өөрийн ажиллаж байсан танхимаа татан унагахаар санаархсан Шадар сайд С.Амарсайханы оронд Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуягийг томилов. Тэр Засгийн газрыг унагахгүй байх талд чадлаараа ажилласан хийгээд төсвөө амжилттай батлуулахад "үнэтэй" хувь нэмэр оруулсан тул Шадар сайдын албан тушаалд томилогдсон хэрэг.
[su_quote]Энэ мэт эрх мэдлийн хуваарилалтууд хийгдэж дууссан тул одоо ганц үлдэж байгаа асуудал нь энэ хагас, бүтэн сайн өдөр болох МАН-ын Их хурлаас намын даргыг сонгох явдал. Гэвч бүлэг дотроо асуудлаа шийдсэн, эрх мэдлийн хуваарилалтуудаа хийсэн учир аль аль талдаа тохирч намаас нэгдсэн бодлогоор ганцхан хүнийг нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрчээ. Тэр хүн нь Эдийн засгийн хөгждийн сайд Н.Учрал.[/su_quote]
Нэгдсэн бодлогоор гэсний цаана намын даргад өрсөлдөж, хагарлын эхийг тавилцсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар аль аль нь намын даргаас нэрээ татсан. Үүнийг дагаад өөр нэр дэвшигч төдийлөн гарч ирэхгүй байгаа нь МАН-ын дараагийн дарга нэгэнт тодорхой болсны илрэл.
Ингээд МАН-ын дарга тодорхой болчихвол УИХ-ын даргыг албыг давхар хашиж харин Ерөнхий сайд нь Ерөнхий сайдын ажлаа тайван хийх тохироонд хүрсэн болж таарч байна. Харин одоо хаа хаанаа иргэд, улс орны аж амьдралаа бодох цаг ирж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.