"Ногоон автобус"-ны хэрэгт А.Ганхуягт оногдуулсан ялаас залилах гэмт хэргийг хүчингүй болгожээ

"Ногоон автобус"-ны хэрэгт А.Ганхуягт оногдуулсан ялаас залилах гэмт хэргийг хүчингүй болгожээ

[su_quote]Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг 10 дугаар сарын 23-30-ны өдрийн хооронд хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж, дараах байдлаар шийдвэр гаргалаа.[/su_quote]

Ингэхдээ шүүхээс,

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/ Ким Кэа Баум /Kim KeaBaum/, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа нарын 9 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар, С.Бямбасүрэн нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, О.Сүхбаатар, О.Хонгорзул нарын 13 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулгад буюу хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тэдгээрт холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Тодруулбал,

Залилах гэмт хэргийн хувьд, прокуророос Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн А.Ганхуягаас бусдыг цагаатаж шидэж байсан бол Давж заалдах шатны шүүх А.Ганхуягийг ч мөн залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзжээ.

Мөн Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нарыг анхан шатны шүүхээс албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлж буй 20 автобусыг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авч, “Тэнүүн Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд дээрх ажлын хэсгийн гишүүд нь А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Жавхлантбаатарт нартай урьчилан тохиролцсон амлалт өгсөн, тэдгээртэй хуйвалдаж хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж үзжээ.

Харин, шүүгдэгч Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нар нь А/65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрсдийн оролцоог хангасан болгож, 20 ширхэг автобус хүлээн авсан хурлын тэмдэглэл, актад гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шатны шүүх дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар иргэд шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүх хуралдааны танхимын түрээс 26.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан хэсгийг хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.