Өнөөдөр бол Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгсөн өдөр
[su_quote]1945 оны 10 сарын 20-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.[/su_quote]
494 960 сонгогч бүртгэлтэй байснаас 98,47 хувь буюу 487 409 сонгогч санал хураалтад оролцож, санал хураалтад оролцсон хүмүүс 100 хувийн саналаар Монгол Улсаа тусгаар тогтнуулах нь зүйтэй хэмээн үзсэн байдаг.
Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.

Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ.
Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм.
Уг нот бичигт “Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.