Ж.Бат-Эрдэнэ: Удирдах зөвлөл хуралдсаны дараа МАН-ын бүлэг хуралдах ёстой
МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор улс төрд үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах нь Удирдах зөвлөлийн хийх ажил гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлаас гадна төсвийн хэлэлцүүлэг, цаашлаад УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудал ч хөндөгдөж эхэлсэн энэ цаг үед МАН-ын Удирдах зөвлөлийн оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа ч дуугарахгүй, хөдлөхгүй байгааг тодотголоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Миний хувьд Удирдах зөвлөлд, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хандсан. Хуралдаанаа хийж, хоёр талын асуудлыг шийд гэдгийг хэлсэн ч гарч ирэхгүй байна. МАН-ын бүлэг хэрхэх вэ гэдгийг шийддэг газар нь Удирдах зөвлөл шүү дээ. Манай намын удирдах дээд байгууллага одоо л ажлаа хийх ёстой байна. Тиймээс Удирдах зөвлөл хуралдсаны дараа МАН-ын бүлэг хуралдах учиртай” гэлээ. Ямар ч байсан маргааш 12:00 цагт бүлэг хуралдахаар зар хүргэснээ ч тэрбээр дуулгалаа. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдуулахгүй байгаагийн цаана эвлэрэл, ойлголцлыг хангах ажлыг хийж байгааг хэллээ. Тодруулбал, хоёр талаас гарын үсэг зурж, албан бичиг өргөн барьсан. Үүний цаана УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар байгаа учраас эхлээд хоёр хүн эвлэрч ойлголцсон цагт бүлгийн хурлыг зарлахгүй бол гарын үсэг зурсан талуудын дунд хоосон хэрүүл болно гэдгийг ч нуусангүй. Тиймээс бүлгийн даргын хувьд намаа эвлэрүүлэхийн тулд бүх талын уулзалтыг хийсэн гэлээ. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай 1-2 удаа, ЗГХЭГ-ын даргатай ч мөн уулзжээ. Түүнчлэн хоёр тал саналаа татаж авахыг ч уриалсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.