Сэтгүүлч Б.Цэвэгмид: "15 давхарынхан" дахин Л.Оюун-Эрдэнийг хамгийн хаан болгох зураг зуржээ

Сэтгүүлч Б.Цэвэгмид: "15 давхарынхан" дахин Л.Оюун-Эрдэнийг хамгийн хаан болгох зураг зуржээ

[su_quote]Newspress.mn сайтын эрхлэгч Б.Цэвэгмид улс төрийн өрнөлийн талаар бичжээ. [/su_quote]

Тэрээр, 

-Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангаа хөсөр хаяхаар төлөвлөсөн байж болзошгүй байна.
15 давхарынхан дахин Л.Оюун-Эрдэнийг хамгийн хаан болгох зураг зурж, хуулийн хугацааг хуанлийн хуудас руу шилжүүлэн, их хурлын гишүүдийг өөрсдөөр нь харикири хийлгэх төлөвлөгөө гаргасан байж нэн болзошгүй байна.

Тэд МАН-ын Их хурлыг 11-р сарын 15-нд товлосон нь их учиртай аж. Одоо өрнөж буй үйл явдалуудыг хуулийн хугацаанд тохируулан хэлхэж, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг татаж унагаад дахин сонгууль явуулах төлөвлөгөө гаргажээ.

Яг үнэндээ 15 давхарынханд Д.Амарбаясгалан унасан ч хамаагүй, харин ч уначихаасай гээд алгаа үрж суугаа бололтой. Хуанлийн хуудсаар харья.

10-р сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьсан. Энэ саналыг 3 хоногийн дотор хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Энэ хугацаагаар өчигдөр буюу 10-р сарын 10-нд хэлэлцэж байна.

Тэгэхээр асуудал 10-р сарын 07-оос 10-р сарын 17-ны хооронд заавал нэг талдаа гарах хуулийн хугацаатай. Хэрэв Засгийн газар огцорвол шинэ Засгийн газрыг 30 хоногийн хугацаанд дахин эмхлэх учиртай.

Ингэхийн тулд МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулна. Гэтэл одоогийн МАН-ын албан ёсны дарга нь хууль эрх зүйн хувьд Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа. Тэрээр 9-р Бага хурлыг зарлан хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшинэ.

Энэ нь МАН-ын дүрмэнд заасны дагуу МАН-ын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн гээд зүтгэнэ. Мэдээж энэ нэр дэвшилт унах магадлалтай. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн 44-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор УИХ шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно.

Энэ үйл явдал 15 давхарын зураглалын хуанлийн дагуу 10-р сарын 13-ны Даваа гаригаас 11-р сарын 13 хүртэл үргэлжлэх буюу МАН-ын Их хурлаас 2 хоногийн өмнө байхаар тохируулсан.

Ингээд УИХ-ын тухай хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна гэж заасан.

Тэгэхээр зураглалын хуанлийн дагуу 11-р сарын 15-аас 1-р сарын 15 хүртэл 60 хоног байна. Нэр дэвшилт ойролцоогоор 12-р сарын 10-аас явагдаж эхлэнэ. Энэ үед МАН-ын нэр дэвшилтийг албан ёсны дарга буюу Л.Оюунэрдэнэ бүх зургийг зурна.

Ингээд ахиад л түүний дохиураар хөдөлдөг Их хурал, Засгийн газартай болно гэсэн үг. Ингэж л тэр дахиад хамгийн ХААН болох нь.

Санаж сэрээчээ, гишүүд ээ! Иргэд жагсаж, арайхийн буулгасан "15 давхарын" атганд дахиад л орох зураг чинь ингээд зурагдчихсан явж байх өндөр магадлал байна шүү. УИХ-ын гишүүдийг сумлаж байгаад өөрсдөөр нь харикири хийлгэх нь, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.